Энэтхэгийн Ерөнхий сайд коронавирусний вакцин хийлгэлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-03-01 14:35:22

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгт коронавирусний вакцинжуулалтын хоёр дахь үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди вакцин хийлгэжээ. 


“Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ.  Манай эмч нар, эрдэмтэд коронавирусний эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд хэрхэн хурдацтай ажиллаж байгаа нь гайхалтай юм. Вакцин хийлгэх эрхтэй хүн бүхэнд хандаж би Энэтхэгийг хамтдаа “COVID-19”-өөс чөлөөлье гэж хэлмээр байна" гэж Нарендра Моди твиттер хуудсандаа бичсэн байна.


Өнөөдрөөс эхэлж буй вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд 60-аас дээш насны хүмүүс вакцинд хамрагдах эрхтэй болсон тул өдгөө 70 настай Нарендра Моди вакцин хийлгэжээ. Энэ үе шатанд мөн хавсарсан өвчтэй, 45-аас дээш насны хүмүүст вакцин хийнэ.


Түүнчлэн хувийн эмнэлгүүдэд вакцинжуулах зөвшөөрөл өгсөн бөгөөд вакцин хийхдээ төлбөр авч болох боловч нэг тунгийн үнийг 250 рупигээс хэтрүүлэхгүй (3.42 орчим ам.доллар) байх ёстой. Өмнө нь зөвхөн улсын эрүүл мэндийн төвүүдэд хийж байжээ. Үүний зэрэгцээ, улсын эмнэлгүүд вакцинжуулалтыг үнэ төлбөргүй үргэлжлүүлэн хийнэ. 


Энэтхэгт “COVID-19”-өөс урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтын аяныг нэгдүгээр сарын 16-нд эхлүүлж, эхний ээлжинд эмнэлгийн 10 сая ажилтан, цагдаа, цэргийн алба хаагч зэрэг халдвар авах эрсдэл ихтэй салбарын 20 сая ажилтныг хамруулж байгаа юм. Энэтхэгийн эрх баригчид энэ оны долоодугаар сар гэхэд 300 сая орчим хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар тус улсад 14 301 266 хүн вакцин хийлгэжээ. 


Вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гаргасан “Covishield”, Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin” вакциныг ашиглахаар төлөвлөжээ. Эдгээрээс гадна, Оросын “Спутник V" зэрэг өөр 20 орчим вакциныг хэрэглэхээр бэлтгэж байгаа аж.


Холбоотой мэдээ