Иргэд утаагүй зуух худалдан авах нь багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-10 14:45:08
oyuka_hu@yahoo.com

Улсын төсвийн хөрөнгөөр гэр хороололд хөнгөлөлттэй үнээр утаагүй зуухыг олгож байгаа. Уг ажил 4 дүгээр сараас эхэлж энэ сарын 6-наар дуусгавар болсон. Гэвч иргэд зуух худалдан авах нь тааруу байгаа тул үлдэгдэл мөнгөө эргүүлэн татах магадлалтай гэж аймгийн Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Х.Машбат хэллээ.

Орхон аймагт нийт 1500 зуух хөнгөлөлттэй үнээр олгогдох ёстойгоос өнөөдрийн байдлаар 500-г борлуулжээ. Зуух олголтод улсын төсвөөс 300, орон нутгийн төсвөөс 200 сая төгрөг баталж Уртын гол, Рашаант багийн өрхөд 70 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн байна. Утаагүй зуухны өөрийн өртөг 450 мянган төгрөг  бөгөөд үүний 70 хувийг хөнгөлөхөд иргэд дунджаар 150 мянган төгрөг төлж авах боломжтой юм.

Орхон аймагт утаагүй зуух олголтыг 2012 оноос эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 1345 зуухыг Баянбулаг, Булаг, Цагаанчулуут, Наран багийн иргэд үнэ төлбөргүй өгчээ. Үүнд улсын төсвөөс 500 сая төгрөг зарцуулсан байна. Харин 2014 оноос Турк улсад үйлдвэрлэсэн зуухыг 1500 өрх, 2015 онд Монголд үйлдвэрлэсэн 9 төрлийн зуухыг 1063 өрхөд өгчээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ