“Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нар уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-02-27 10:32:04

РОМ. /Reuters/. “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар “COVID-19” цар тахлаас үүдэлтэй үр дагавруудыг даван туулах чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бага орлоготой орнуудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.


“Бид эдийн засгаа сэргээх үйл явцыг түргэтгэхийн тулд улам нягт хамтран ажиллаж, дэлхий дахинд тулгамдаад буй сорилтуудыг зохицуулахад илүү олон талт хандлагыг баримтлах үүрэг амлалт өглөө” гэж “Хорийн бүлэг”-ийг даргалж буй Италийн Сангийн сайд Даниэле Франко мэдэгдэв.


Баасан гарагт цахимаар болсон энэхүү уулзалт нь олон улстай хамтын ажиллагаагаа сэргээн цогцлоох амлалт өгсөн Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойших анхны уулзалт бөгөөд энэ удаад үндэстэн дамнасан корпорациудад татвар ногдуулах талаарх асуудалд дорвитой ахиц дэвшил гарсан байх төлөвтэй байна.


"Зарим компанийг дижитал татвараас чөлөөлөх тухай Дональд Трампын засаг захиргааны саналыг Вашингтон дэмжээгүй" гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен уулзалтын үеэр мэдэгдсэн нь энэ талаар зун гэхэд зөвшилцөлд хүрч магадгүй нөхцөлийг бий болгожээ. “Хорийн бүлэг” нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 19 улс, Европын Холбооноос бүрддэг билээ. 

Холбоотой мэдээ