“COVID-19” халдварыг илрүүлэх тандалт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-25 14:16:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг хаалга-Нэг шинжилгээ нэгдсэн ажлыг амжилттай зохион байгуулж шинэ голомтыг илрүүлж, тандал судалгааг хийсэн. Энэхүү ажил өндөрлөсөн ч эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид коронавируст халдварын тандалтыг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлон тэмдэглэв.

 

Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг вакцинд хамруулах юм. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилчдадаа өрөө гаргаж бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусний тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын баг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.


Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов.

 

Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад талархал илэрхийлж буйгаа эмнэлгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ