Агаарын бохирдсоны улмаас хорвоог орхиж буй хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-10 11:11:08

ПАРИС. /Prensa Latina/. Агаарын бохирдлын улмаас цаг бусаар хорвоог орхисоор байгаа хүмүүсийн тоо 2060 он гэхэд 2-3 дахин нэмэгдэнэ гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ явуулсан судалгааны тайланд бичжээ.

Агаарын бохирдлын түвшин харилцан адилгүй учир сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад янз бүрээр илэрч байгаа юм.

Ялангуяа Азид агаарын бохирдлын улмаас цаг бусаар хорвоог орхисон хүмүүсийн тоо эрс нэмэгдэнэ.

Тус байгууллага тайлбарлахдаа “агаарын бохирдлын улмаас хүмүүсийн эрүүл мэнддээ зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж буурна. Ингэснээр 2060 он гэхэд дэлхийн улс орнууд жилд ДНБ-ийхээ 1 хувийг агаарын бохирдлын улмаас алдана” гэжээ.

Уг судалгаанаас үзвэл, агаарын бохирдсонтой холбоотойгоор үйлдвэрлэлийн бүтээмж буурсны улмаас Баруун Европ, Хойд Америк, Латин Америкийн улсууд, Австрали, Шинэ Зеланд болон ӨАБНУ-ын ДНБ-ний өсөлт 0.5 хувиас бага байх төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ