Өнгөрсөн 24 цагийн дотор 32 хүнд коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-24 11:00:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  32 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ  26 058 хүнд шинжилгээ хийсэн байна.


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрснээр нийт 131 тохиолдол илрүүлжээ. Үүнээс  59 нь анхны шинжилгээгээр илэрсэн байна.Tэдгээр тохиолдлын ойрын хавьтал 72 хүн бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 755 болж байна. Үүнээс 2070 хүн эдгэрээд байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  670 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн эмчлүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ