Зарим төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг зөвшөөрлөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-23 17:41:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг зөвшөөрлөө.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн спорт заал, фитнес, усан бассейн, улсын чанартай автозам дагуух үйлчилгээний газрууд, үзвэр үйлчилгээ, шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж болох бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь хэвийн горимд шилжиж, 09.00-21.00 цагийн хооронд ажиллахаар болсон ба архи, согтууруулах ундааг 3 дугаар сарын 1-ний өдрөөс худалдан борлуулах, үйлчлэхийг зөвшөөрөв. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор эхний ээлжинд 1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдад 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн танхимын давтлага олгож эхэлнэ.

Харин уралдаан тэмцээн, аялал зугаалга /гэр бүлээс бусад/, диско баар, караоке, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, жагсаал цуглаан, олон нийтийн үйл ажиллагааг түр хязгаарлаад байна.

Холбоотой мэдээ