Төсөл хөтөлбөрийн талаар иргэдийн саналыг цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-22 17:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг цахимаар авна.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 171 хороонд 2021 оны гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл энэ ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.  


Азийн сан, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, НЗДТГ, есөн дүүргийн ЗДТГ хамтран хороодын 1600 хэсгийн ахлагч, хорооныхонд цахим санал асуулгын системийн хэрэглээ, аппликейшн ашиглалт, зохион байгуулалт, өмнөх онуудыг санал асуулгын үр дүнг  танилцуулах сургалт зохион байгууллаа.


ОНХС-гийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүр нэгээс тавдугаар сард цаасан хэлбэрээр авч байсан. Тэгвэл Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ, Азийн сан хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд  2017 оноос ухаалаг гар утасны “SmartUB” аппликэйшн ашиглан санал авдаг болсон. Улсын төсвөөс буюу ОНХС-гаас аймаг нийслэлийн ОНХС-д 2013-2021 онд нийт 1.4 их наяд төгрөг, харин энэ онд улсын хэмжээнд 220.7 тэрбум төгрөг хуваарилжээ.

Холбоотой мэдээ