Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Цамын гутал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-21 10:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үед холбогдох цамын гутлыг толилуулж байна.

 


Хэмжээ: 39 x 30 x 11.3 см Материал: торго, даавуу, хоргой, утас, яс, шир


 Макара буюу матрын тухай

 

Макара гэх санскрит үг монгол хэлнээ нэвтрэхдээ “матар” хэмээн дуудаж бичдэг болжээ. Санскрит хэлний макара хэмээх нь усны луу, мангасыг нэрлэсэн үг бөгөөд гол төлөв матартай адилтган үздэг. Макараг Ведийн шашныхны шүтдэг Ганга мөрний лусын дагина хэмээдэг боловч зарим судлаачид уул мөрөнд амьдардаг цэнгэг усны дельфин гэх нь ч бий.

Эртний энэтхэгийн домогт гардаг матар эрүүтэй, заан хамартай, гөрөөс эвэртэй, гахай чих соёотой, сармагчин шиг бүлтгэр нүдтэй, загас мэт хайрстай, тогосын өдөт мушгирсан загасан сүүлтэй амьтныг макара хэмээнэ. Хожим уул домгийн амьтны дүр Төвдөд нэвтрэхдээ урд хөлийн сарвуу нь барсын мэт, морин дэлтэй, загас шиг сахал заламгайтай, гөрөөс буюу луу эвэртэй болжээ. Өмнө нь тогосын өдтэй, мушгирсан хэлбэртэй байсан загасан сүүлийг хээ угалз байдлаар зурдаг болсон байна.

Матар нь хүч чадал, тэсвэр тэвчээрээрээ онц ялгардаг амьтан юм. Зуусан олзоо үхэх хүртэл нь суллаж тавьдаггүйгээрээ зартай учраас очирт хөлгөний ёсны олон төрлийн зэр зэвсэгт макарыг түгээмэл дүрсэлсэн байдаг. Жишээлбэл: сүх, төмөр дэгээ, тахир хутга, очир ба зан үйлийн хутга, ирт мэсүүдийг макарын амнаас гарч буй байдлаар урладаг аж. Лусын бэлгэдэл учир матрын толгойгоор сүм хийдийн дээврийн дусаалын хоолой, рашаан булгийн ус гоожих гоожуурыг сийлбэрлэн чимэглэдэг. Мөн уран зураг, уран барилгад ч чимэглэл байдлаар өргөн дэлгэр ашигладаг байна.

 

Макарагаар чимгэлсэн цамын гутал

 

Энэхүү гутал нь Улаан сахиус буюу Жамсран бурхны цамын өмсгөлийн нэг бүрэлдэхүүн байдлаар тус музейд хадгалагддаг. Гутлыг ээтэн хоншоортой монгол гутлын адилаар боловч улаан өнгийн торгоор урлаж, цагаанаас хар өнгийн дагнаас үүсгэн даавуу хавчуургадаж оёсон хавчуургатай ба хоншоорыг макара буюу матрын толгойгоор чимэглэсэн байна. Мөн гутлын түрийг үрүүжин буюу ясан чимгээр чимэглэжээ. Цамд догшин дүртэй бурхад л матар хоншоортой гутал өмсдөг аж.

 

 

Холбоотой мэдээ