Австралийн нээлттэй тэмцээн танхимын үзэгчгүйгээр үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-02-12 13:39:27

МЕЛЬБУРН. /ABC/. Австралийн Викториа мужид “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд таван хоногийн хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Австралийн нээлттэй тэмцээнийг баасан гаргаас танхимын үзэгчгүйгээр үргэлжлүүлэхээр болжээ.


Викториа мужийн засаг захиргааны тэргүүн Дэниел Эндрюсийн мэдээлснээр, Их Британид анх илэрсэн коронавирусний хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоож байгаа ажээ. Ингэснээр олон нийтийн цуглааныг хориглох боловч мэргэжлийн спортын тэмцээнүүдийг үзэгчгүйгээр явуулахыг зөвшөөрсөн байна.


Мельбурн хотод тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан зочид буудлын ажилтнаас халдвар илэрсэн гэж мужийн Эрүүл мэндийн хэлтэс даваа гарагт мэдээлсэн юм. Харин пүрэв гаргийн байдлаар уг ажилтантай холбоотой халдварын тохиолдлын тоо 13-т хүрсэн бөгөөд тэдгээр тохиолдол бүгд Их Британид анх илэрсэн хувилбараар халдварлажээ.


Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-21-ний хооронд үргэлжлэх юм. Энэхүү тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-31-нд зохион байгуулахаар товлоод байсан боловч “COVID-19”-ийн улмаас ийнхүү хойшлуулсан билээ.  

Холбоотой мэдээ