Багануур дүүргээс ирсэн иргэдийн судалгааг нэгтгэж, шинжилгээнд хамруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-02-17 10:04:50
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Шуурхай штабын бүрэлдэхүүн нийт сум, тосгодын шуурхай штабтай энэ сарын 16-нд цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.
Хуралд шуурхай штабын дарга, ОБГ-ын дарга Ж.Эрдэнэбат аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс , Онцгой байдлын газар, ЗӨСТ-ийн удирдлагууд, цахимаар нийт сум, тосгодын ЗДТГ-ын дарга бөгөөд шуурхай штабын дарга нар, шуурхай штабын жижүүрт гарч байгаа төрийн албан хаагчид оролцлоо.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдэээ "Багануур дүүрэгт коронавирусний хоёр тохиолдол батлагдсан. Тэр нь хөдөлгөөн ихтэй, хавьтал байж болзошгүй. Хөл хориотой хугацаанд Улаанбаатар хотоос зөвхөн ар гэрийн гачигдал буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаанаар PCR шинжилгээтэй нэвтэрч буй иргэдэд давхар Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж байгаа. Дээрх хоёр хүндэтгэх шалтгаанаар сум хооронд мөн нэвтэрч болно. Бусад бүх хөдөлгөөнийг Улаанбаатар-Хэрлэн сум, Чингис хот, бүх сумын хооронд хориод байгаа" гэлээ.
Мөн Багануур дүүргээс сар шинийн өмнө нэвтэрсэн иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж, эрүүл мэндийн байгууллагаас гэрийн ажиглалтад орсон иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар боллоо. Ер нь тус шинжилгээг аймгийн хэмжээнд түүврийн аргаар авч байгаа бөгөөд Багануураас ирсэн иргэдийг зайлшгүй шинжилгээнд хамруулна гэж ойлгож болно гэв.
Түүнчлэн бүх сум, тосгодод Багануур дүүргээс нүүрс татсан тээврийн жолоочид, тус дүүргээс нэвтэрсэн иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.
Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг хянахын зэрэгцээ гэр бүлийн гишүүдэд хяналт тавихыг үүрэг болгов. Гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авч, олон нийтэд мэдээлж байна.
Шуурхай штабын дэргэдэх Мэргэжлийн анги, бүлгүүдийн бэлэн байдал, бэлтгэлийг хангах, аймгийн Шуурхай Штабт дөрвөн цаг бүр мэдээлэл өгч ажиллахыг сумдын Шуурхай штабын дарга нарт үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга эцэст нь Сумдын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг биечлэн болон цахимаар цаг харгалзахгүй шалгана гэдгээ илэрхийллээ. Үүнчлэн Багануурын тохиолдлуудтай холбоотой хавьтал байж болзошгүй учраас аймгийн Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлснийг тэрбээр мэдээлэв. Аймгийн Тагнуулын хэлтсээс Багануур дүүрэгтэй хил залгаа сумдад ажиллах юм байна.
Холбоотой мэдээ