Цар тахлын нөхцөлд аж ахуйн нэгжүүд цахим ажлын байр бий болгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-09 15:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эхчүүдэд зориулсан "Гэрээсээ орлоготой болцгооё" цахим ажлын байр зарлагдан 150 орчим хүн бүртгүүлснээр 83 эмэгтэйг ажлын байранд зуучилжээ.


"COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд олон аж ахуйн нэгж, байгууллага цахим орчинд ажлын байр бий болгож байна. Ихэвчлэн цахим орчинд бараа, бүтээгдэхүүн танилцуулах, бүтээгдэхүүн борлуулах ажлын байрыг зарлаж байна. Ийм ажлын байранд эхчүүдийг бүртгэж зуучлан холбодог аж. Тиймээс хөл хорионы үеийг үр өгөөжтэй өнгөрөөх, гэртээ хүүхдээ харж байхдаа нэмэлт орлого олох боломжийг ээж нарт олгож байна. Ингэснээр тэдний нийгмийн идэвх сайжран, урам зоригтой өсөн дэвжих нөхцөл бүрдсэн гэж "Гэрээсээ орлоготой болцгооё" хөтөлбөрөөс мэдээлж байна. 


Хөтөлбөрийг эхний ээлжинд 100 ээжийг ажил, орлоготой болгох зорилгоор эхлүүлжээ. Хоёрхон хоногийн дотор нийслэл хот болон 21 аймаг, гадаад орнуудаас 100 ээж бүртгүүлжээ. Ажлаар зуучлахын өмнө ээжүүдийг бараа бүтээгдэхүүн сурталчлах, нэгэндээ нөлөөлөх, хамтран ажиллах сургалтыг мөн зохион байгуулсан байна.

 

Энэхүү хөтөлбөр нь 2018 оноос эхэлж, нийт 200 гаруй хүн Монголын жижиг, дунд болон томоохон групп компаниудад ажиллаж гэрээсээ орлоготой болжээ. Эх орондоо үйлдвэрлэж буй Монгол брэнд бүтээгдэхүүний борлуулалт хариуцсан ажилтнаар мөн ажиллуулж байна. Одоогоор 10 гаруй байгууллагын 30 гаруй ажилд онлайнаар шууд ажиллах боломжтой байна.


Холбоотой мэдээ