“Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-05 09:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Цагаан уул” дурсгалын зоос ОХУ-ын 14 дэх удаагийн шилдэг зоос шалгаруулах уралдааны “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, 31,1 гр жинтэй юм.


Дэлхийд нэр хүнд бүхий “Russian Coin Constellation” хэмээх уг шалгаруулалтад улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид 9 төрөлд өрсөлдөв. Нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ.




Мөн 2019 оны шилдэг зоос шалгаруулах “Russian Coin Constellation” уралдаанаас Монгол улсын Эрт галвын үеийн араатан цувралын “Вилокираптор” зоос “Шилдэг технологи” төрөлд III байр эзэлж байв. Энэ дурсгалын зоос нь Эрт галвын үеийн араатны  цувралын хамгийн анхны зоос бөгөөд 65 мм диаметртэй, 93,3 гр жинтэйг төв банкны цахим хуудаснаа мэдээлжээ.




Үүнээс өмнө 2007 онд үйлдвэрлэсэн “Нохой зээх” цэвэр мөнгөн зоос 2009 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Оны шилдэг мөнгөн зоос” (Best silver coin of the year) шагналыг, 2011 онд үйлдвэрлэсэн “Хувь ууль” цэвэр мөнгөн зоос 2012 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 6-р уралдаанаас “Оны шилдэг мөнгөн зоос” (Silver coin of the year)-ын төрөлд 3-р байр, 2013 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн алдартай зоос” (Most popular coin) шагналыг хүртэж байлаа.


Түүнчлэн, 2012 онд үйлдвэрлэсэн “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 8-р уралдаанаас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Шилдэг технологи” (Original technology), 2014 онд Испаний эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос” (The best coin of world – World Most Original Format Coin), 2015 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн шинэлэг зоос” (Most innovative coin) шагнал авсан аж.

 

Холбоотой мэдээ