Монгол Улсын Ерөнхий сайд огцрох хүсэлтээ өргөн барилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-22 13:20:56

УЛААНБААТАР. /Reuters/. Монгол Улсад “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал нийслэл Улаанбаатар хотод өрнөсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ парламентад пүрэв гарагт өргөн барилаа.


“Олон нийтийн шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой” гэж У.Хүрэлсүх огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ онцлон хэлжээ. Түүний огцрох хүсэлтийг парламент батлах шаардлагатай юм.


COVID-19”-өөр халдварласан эмэгтэй болон түүний дөнгөж төрсөн нярай хүүхдэд зүй бусаар хандсаныг зарим иргэн эсэргүүцсэнээс үүдэн жагсаал өрнөжээ. Тухайн өвчтөнийг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлж буй дүрс бичлэгээс үзэхэд тэрбээр гэрийн шаахай, халаадтай байсан юм.


Энэхүү явдлаас улбаалан жагсагчид эрүүл мэндийн байгууллагын өндөр албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж, улмаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар огцрох хүсэлтээ өгчээ. Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон ажил эрхлэх боломж хомс байгаад олон нийт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байсантай уг үйл явдал давхацжээ.


COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үед авч хэрэгжүүлсэн үр дүнтэй арга хэмжээнүүдээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайшаалыг хүртэж байсан Монгол Улс нь Оросоос ирсэн жолоочоос коронавирус илэрснээс хойш халдварын тархалттай тэмцэж байгаа юм.


Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсад өнөөдрийн байдлаар халдварын 1584 тохиолдол илэрснээс халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ