Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-01-22 09:54:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар “Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын харилцан ойлголцлын санамж бичиг”-т энэ сарын 21-нд Анкара хотноо гарын үсэг зурав.


Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Туркийн худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхэд томоохон түлхэц болох бөгөөд урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, Монголын чөлөөт бүсэд логистикийн төв байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг  хамтын ажиллагааг эхлүүлэх ач холбогдолтой гэдгийг хатагтай Гонжа Йылмаз Батур онцлов.


Чөлөөт бүсээр дамжуулан экспортод түшиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах, хөрш орнуудын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох зэрэг хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Р.Болд тэмдэглэв.


Турк Улс нь 1987 оноос хойш 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 18 чөлөөт бүсийг байгуулж, эдгээрт хоёр мянга орчим аж ажуйн нэгж, үүнээс 500 орчим нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм.

Холбоотой мэдээ