“COVID-19” халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-15 11:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 14-нд хийсэн PCR шинжилгээгээр 12 хүнд коронавирус илэрчээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ   16 854 хүнд шинжилгээ хийжээ. 

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, "Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалж танилцуулбал, "Мөнххада" ХХК-ийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийн давтан шинжилгээнээс 4 хүнд халдвар илэрлээ. БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн 8 хүн халдвартай нь тогтоогдсон. Эдгээр нь бүгд хяналтад орсон, тусгаарлалтад хүмүүс байсан. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Улсын хэмжээнд  кластер өвчлөлийн тоо 990, зөөвөрлөгдсөн тохиолдол 410 болж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын  тохиолдол  1491 болж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэгт шилжжээ.

 

 ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 571 хүн эмчилгээ, хяналтад байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 12 нь хүнд, 72 нь хүндэвтэр, 485 нь хөнгөн оноштой байгаа аж.

Холбоотой мэдээ