Франц коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-01-15 09:53:37

ПАРИС. /AFP/. Францын эрх баригчид урьд нь тогтоосон хөл хорих цагийг уртасгаж, коронавирустэй тэмцэх хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байна.


Тус улсын Ерөнхий сайд Жан Кастексийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 16-ны бямба гаргаас эхлэн орон даяар оройн 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл хөл хорино. Энэ үед бүх дэлгүүр ажиллахгүй. Хөл хорих цаг одоо коронавирусний цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужуудад л орон нутгийн цагаар 20:00-6:00 цагийн хооронд хэрэгжиж байгаа юм. 


Түүнчлэн хил дээрх хяналтаа чангаруулж байна. Одооноос эхлэн Европын Холбооны бусад улс орноос гурав хоногоос илүүгүй хоногийн өмнө коронавирусний шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарсан иргэдийг хүлээж авах бөгөөд долоо хоног тусгаарласны дараа дахин шинжилгээ авна.


Францын Засгийн газрын тэргүүн вирус "улс орон даяар хурдацтай тархаж" байгааг пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүлээн зөвшөөрөөд шинэ жилийн баярын дараа халдварын тархалтын байдал дахин дордсоныг цохон тэмдэглэжээ.


Лхагва гарагт гэхэд 23 мянган шинэ тохиолдол илэрсэн нь сарын өмнөхөөс бараг тав дахин их үзүүлэлт аж. Өнгөрсөн оны гуравдугаар сард цар тахал дэгдсэнээс хойш Францад 2.8 сая гаруй хүн халдвар авч, 69 мянга гаруй хүн нас барсан байна. 


Францын эрх баригчдыг түгшээж буй бас нэг хүчин зүйл бол Их Британи, Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбарууд юм. Тус улсад нэг өдөрт “британийн хувилбараар” халдварласан 300 хүртэл тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Эдгээр хувилбар Францад хоёроос гурван сарын дараа давамгайлж магадгүйг Францын судлаачид үгүйсгэхгүй байна.



Холбоотой мэдээ