Газар хөдлөлт бол урьдчилан мэдээлэх боломжгүй байгалийн үзэгдэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо.
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойш 200 километрт, Ханх сумаас баруун урагш 28 километрийн зайд 1 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаа газар хөдөлж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 5.41 цагт 5,1 магнитуд, 5.47 цагт 4,6 магнитуд, 6.02 цагт 5,3 магнитуд, 6.10 цагт 5 магнитуд, 7.02 цагт 5,6 магнитудтай газар хөдөлсөн байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Улаанбаатарт гэрлийн бүрхүүл чичирхийлж савлах зэргээр иргэдэд ажиглагдсан ч хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс танилцууллаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн бүх сумдад мэдрэгдсэн гэлээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүссэн хохирлыг тогтоохоор Мөрөн сумын 14 багийн нийтийн орон сууцны 42 барилга байгууламжид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 8, Онцгой байдлын газраас 18 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газраас 12 албан хаагч газар дээр нь үзлэг хийж байгааг хэллээ.
Газар хөдлөлтийг урьдчилж мэдээлсэнгүй гэж иргэд шүүмжилсэн. Үүнд, мэргэжлийн хүмүүс газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэдгийг тайлбарлалаа.
Шадар сайд Я.Содбаатар газар хөдлөлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Хөвсгөл аймаг, орон нутагт мэргэжлийн байгууллагууд бодит үнэлгээ, магадлагааг яаравчлан хийх, газар хөдлөлтийн талаар бодит, зөв мэдээллийг иргэдэд хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.