Аврагчдын хувцсыг богино хугацаанд хатаах төхөөрөмж үр дүнгээ өгч байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-08 18:12:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн жил гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт инновацыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн шинэ санааг шингээсэн бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.  

-“Тухайлбал Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Г.Амартүвшин захирагчтай IV салааны хамт олон хөдөлмөр хамгааллын хувцас хатаах зориулалт бүхий хатаагуурыг хийжээ. Өнөөдөр тус алба дээрх төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тус хатаагуур нь дөрвөн ширхэг өлгүүр, хоёр ширхэг сэнстэй халуун дамжуулах хоолойноос бүрддэг. Хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутад дөрвөн гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай юм. Ер нь гал түймрийн дуудлага хэдийд ирэх нь тодорхойгүй. Зарим тохиолдолд эхний дуудлагын дагуу ажиллаж байх үед дараагийн дуудлага ирэх тохиолдол бий. Гал сөнөөгчид заавал хуурай хувцастай ажиллах ёстой.

Тиймээс ялангуяа өвлийн улиралд гал сөнөөгчдийн хувцсыг хурдан хугацаанд хатаах шаардлага байдаг. Жишээлбэл хувцсаа хатаахыг хүлээж цаг алддаг гэсэн үг юм. Дээрх төхөөрөмжийг бүтээж үйл ажиллагаандаа ашигласнаар гал сөнөгчдийн хувцсыг богино хугацаанд бүрэн хатаах боломжтой болсон төдийгүй галын дуудлагад түргэн шуурхай ажиллах боломж бүрдсэн юм. Харин манай алба хаагчдын бүтээсэн бас нэгэн төхөөрөмж нь ариутгагч төхөөрөмж юм. Үүнийг Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид хамтран хийсэн байгаа. Тус төхөөрөмж нь таван минутад 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн автомашины хоёр хажуу тал, дээд, доод, араас нь мананцар үүсгэгч хошуугаар шүршин ариутгах зориулалттайгаар бүтээгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зориулалтаар ашиглагдаж байна” гэв.

 

Ахуйн зориулалттай гал түймрийн дуудлага Улиастайд их ирдэг гэв

Аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 15-наас хойш нийт гал түймрийн дөрвөн дуудлага иржээ.

-“Тухайлбал Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хорооллын 8 дугаар хэсэгт хашааны гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 06-ны өдрийн 22:52 цагт хүлээн авсан. Ингээд аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиж иргэн С-ийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан. Мөн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 05-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Ингээд Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид очиж, иргэн А-ын хоёр давхар 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр яндангийн цонолтын улмаас шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ер нь аймгийн 24 сумаас ахуйн гал түймрийн дуудлага хамгийн их ирдэг нь аймгийн төв Улиастай сум байдаг. Түүний дараа Тосонцэнгэл сум гал түймрийн дуудлага их ирдэг. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлснээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас  50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна”. Мөн яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй. Орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна. Цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх. Хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх. Галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ