Хүнсний бүтээгдэхүүн авахдаа хаяг, шошгыг шалгаж байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-08 14:22:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний бүтээгдэхүүний худалдааны цэг, үйлдвэрийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.  

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 01/13, 01/248 дугаар удирдамжийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 30, 31-нд зохион байгуулсан. Улмаар хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээнд хамрагдаж баталгаажуулалт хийгээгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчил илэрчээ.

Дээрх зөрчлийг арилгах зорилгоор нийт найман нэр төрлийн 295 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хураан устгаж, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.   

Иймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгын мэдээллийг шалгаж байхыг зөвлөж байв. Хэрвээ иргэдийн худалдаж авсан бүтээгдэхүүнд хаяг шошгын зөрчил илэрвэл тус байгууллагын 7043-1286 утсаар холбогдож, мэдэгдэж байхыг уриаллаа. Цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.   

Холбоотой мэдээ