НҮБ манай улсад 79 сая ам.долларын тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-03 12:42:48

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, НҮБ-ыг төлөөлөн НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар өнөөдөр Гадаад хэргийн яаманд “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр хэлэхдээ "НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай нягт уялдсан гэдгийг онцлоод НҮБ ирэх 5 жилд Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр манай улсад хөгжлийн тусламж үзүүлнэ гэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд НҮБ 2017-2021 онд нийт 79 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг тэмдэглээд Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд авчрахад багагүй нөлөө болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү баримт бичгийг боловсруулахад манай улсын Засгийн газар болон холбогдох яамд, агентлаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцсон аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ