М.Тошимицү Латин Америк, Африкийн орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-04 11:29:08

ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү "Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс" үзэл санааг сурталчлахын тулд Латин Америк, Африкийн орнуудад айлчлахаар болжээ.


М.Тошимицү энэ сарын 4-14-нд найман оронд буюу Латин Америкийн Мексик, Уругвай, Аргентин, Парагвай, Бразил, Африкийн Сенегал, Нигери, Кенид айлчлах ажээ.


Тэрбээр Латин Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нартай коронавирусний халдвартай тэмцэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн эдийн засгийн харилцааг нягтруулах, Японы компаниудад таатай орчин бүрдүүлэх тухай хэлэлцэх ажээ.


Японы Гадаад хэргийн сайд Африкт айлчлах үеэрээ ирэх онд Тунист болох Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн бага хурлын /TICAD/ талаар хэлэлцэхийн сацуу бизнесийн харилцааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцохоор төлөвлөсөн байна.


М.Тошимицү хууль дүрэмд тулгуурласан олон улсын дэг журмыг хадгалан өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ хэмээн найдаж байна. Мөн тэрбээр Энэтхэг, Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа нэмэгдүүлж буй БНХАУ-ыг анхааралтай ажиглаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ