Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийг чагнасан хэргийг шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-04 11:09:39

БЕЛГРАД. /TASS/. Хууль сахиулах байгууллагууд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийг чагнасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж "Вечерне новости" сонин хүчний байгууллага дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.


"Маш нууцын зэрэгтэй хэргийг мөрдөн шалгаад нэлээд удаж байна" гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Хууль сахиулагчид Ерөнхийлөгчийг хэн, хэний тушаалаар чагнаж байсныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хэргийг тус улсын Дотоод хэргийн яамны Дотоод хяналтын хэлтэс хариуцаж байгаа аж.


Энэ хэргийг "Үндсэн хуулийн байгууллагыг түлхэн унагах оролдлого" гэсэн зүйл ангиар эрүүгийн ноцтой гэмт хэрэгт тооцон  шалгаж байгаа гэж "Вечерне новости" сонинд бичжээ.


Вучич өөрийг нь удаан хугацаагаар, жил эсвэл жил хагас чагнаж байсан гэж өмнө нь мэдэгдсэн юм. Чагнах ажиллагааны цаана хэн байгааг мэдэж байгаа бөгөөд нотлох баримтууд болох өөрийнх нь ярианы бичлэгүүд бий гэж Сербийн удирдагч мэдэгдсэн байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Александр Вулин энэ хэргийг шалгаж, буруутнуудыг олохоо амлажээ. Сайдын хэлснээр, Вучичийг чагнаж тагнасан хэрэг тэрбээр мафиудын эсрэг дайн зарласантай холбоотой байна.

Холбоотой мэдээ