Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн цогцолбор барих газрыг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-12-30 21:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Хүүхдийн төлөө фонд"-ын үйл ажиллагаанд хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах зорилготой теле тоглолтын зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар оролцлоо.

Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон Хүүхдийн номын сангийн шинэ барилгыг барих газрын эрхийн бичиг батламжийг Соёлын сайд С.Чулуунд гардуулсан юм. Батламжид, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11000 ам дөрвөлжин метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээжээ.

Ингэснээр Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.

Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэсэн Монголын ард түмэн яг одоогийн байдлаар теле тоглолттой зэрэгцэн 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөөд байна. Иргэдийн хандивыг зөвхөн хүүхдийн хөгжлийн төлөө зориулахаас гадна олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж, ил тод нээлттэй хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ