Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-24 16:05:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлав.


Хуулийн төслийн эцсийн найруулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Ингэхдээ,

  • төслийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсгийн сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргасан нам, эвсэлд өгөх байсныг хоёроос доошгүй хоногийн өмнө өгөхөөр,
  • 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно.” гэснийг “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглохоор,
  • төслийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг өөрчлөхөөр, 36 дугаар зүйлийн 36.11, 41 дүгээр зүйлийн 41.8, 42 дугаар зүйлийн 42.12 дахь хэсгийн сонгуулийн сурталчилгааны төлбөрийн дунджийг тогтоохдоо ээлжит сонгуулийн өмнөх жил нь сонгуульгүй жил байсан бол тухайн жилийн дунджаар, хэрэв сонгуультай жил байсан бол сүүлийн ээлжит сонгуулийн санап авах өдөр дууссанаас хойш тухайн жилийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг хүртэлх хугацааны дунджаар тооцохоор,
  • төслийн 56 дугаар зуйлийн 56.12 дахь хэсгийг хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулахаар өөрчилжээ. 

Төслийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсгийг өөрчлөн найруулсантай холбогдуулан “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг.” гэсэн агуулгатай 3.1.13 дахь заалт нэмжээ.  Түүнчлэн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн агуулгатай 26.6 дахь хэсэг нэмсэн байна.

Холбоотой мэдээ