Их Британи, ЕХ худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-24 10:31:28

ЛОНДОН. /TASS/. Их Британи, Европын Холбооны /ЕХ/ удирдагчид хоёр талын цаашдын харилцаа болон худалдааны асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ гэж "Sky News" телевиз эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Их Британийн Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр, холбогдох баримт бичигт хараахан гарын үсэг зураагүй байгаа боловч талууд хэлэлцээний үеэр гарсан гол санал зөрөлдөөнөө арилгаж чадсан байна.


Үүний зэрэгцээ радио телевизийн “BBC” корпорацын улс төрийн тоймч Лора Кюнсбергийн мэдээлснээр, хэлэлцээ одоохондоо дуусаагүй байгаа ч “дуусах шатандаа явж байгаа аж”. Хэлэлцээнд ахиц дэвшил гарсан нь талуудад "гар барих" боломжийг олгоно гэсэн найдварыг улам бүр нэмэгдүүлж байна гэж “Financial Times” сонинд бичжээ. 


Дээрх мэдээллүүд гарсны дараа фунт стерлингийн ам.доллартой харьцах ханш 1 хувиар өсөж, Британийн нэгж валют 1.3512 ам.доллартой тэнцсэн бол евротой харьцах ханш 0.9 хувиар өсөж нэг фунт нь 1.108 евро болсон байна.  


ЕХ-ноос гарах нөхцөлийн талаар гурван жилийн турш хэлэлцсэний эцэст Их Британи 2020 оны хоёрдугаар сарын 1-ний шөнө тус холбоог орхисон билээ. Шилжилтийн үе гэгдэх 11 сарын хугацаанд талууд хоёр талын цаашдын харилцааны хэлбэрийг тохиролцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ёстой юм.


2019 онд Их Британи, ЕХ-ны худалдааны хэмжээ 900 орчим тэрбум ам.доллар байсан байна. Хэрэв шинэ журмыг тусгасан гэрээ байгуулж чадахгүй бол талууд Дэлхийн худалдааны байгууллагын тогтоосон дүрэм журмын дагуу худалдаа хийнэ.


Холбоотой мэдээ