Ирэх сард үйлдэх тусгай нислэг батлагдаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-12-23 13:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сард үйлдэх тусгай нислэг батлагдаагүй байгааг ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

 

Тэрбээр мэдээлэлдээ, “ГХЯ буцах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэлд тулгуурлан өнгөрсөн хугацаанд тусгай нислэг хийх чиглэлийг санал болгон УОК-ын  даргаар батлуулсан. Өнөөдрийн байдлаар, яаралтай ирэх хүсэлтэй 2000 орчим иргэн байгаагийн 1500 нь БНСУ-д байна. Тэгэхээр 11 дүгээр сарын нислэг болон 12 дугаар сард Сөүл рүү хийх нислэг цуцлагдсантай холбогдуулан дараагийн удаа БНСУ руу тусгай нислэг хийх шаардлагатай байна. Дотоодын халдварын хавьтлыг тусгаарлаж буйтай холбогдуулан тусгай нислэгт төлөвлөөд байсан тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа учир энэ сарын хамгийн сүүлийн буюу Сөүлийн нислэгийг цуцлах шаардлага гарсан. Тиймээс ирэх сард үйлдэх тусгай нислэг батлагдаагүй байна” гэв.

 

Мөн тэрбээр, “Франкфуртэд үлдсэн эмэгтэй иргэний хувьд цахим сүлжээгээр хэд хэдэн удаа мэдээлэл гаргасан. Хамгийн сүүлд өөрийнх нь гаргасан мэдэгдэлд, бүх болсон үйл явдлыг маш тодорхой, үнэн зөв хэлсэн учир нэмэлт тайлбар шаардлагагүй гэж үзэж байна.

 

Нэг зүйлийг онцлоход, хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газар, ГХЯ-ны Консулын газар цар тахлын хүнд цаг үед гадаадад нөхцөл байдал нь хүндэрсэн иргэн бүрт хүрэхийн төлөө зорьж ажилласан. Иргэдийн хүсэлт, өргөдлийг хүлээн авч, санхүүгийн болон бусад туслалцаа дэмжлэгийг улсын төсвийн боломжийн хүрээнд, олон улсын хандивлагч хүмүүнлэгийн байгууллагуудын дэмжлэгтэй туслалцаа үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй иргэний нислэгийн тийзийг олон улсын байгууллагын дэмжлэгтэй гаргуулсан бол 200 орчим иргэний тусгаарлах байрны зардал болон 200 орчим иргэнд хүнсний тусламж үзүүлсэн” хэмээн тодотгов.

 

 

Холбоотой мэдээ