Засгийн газрын шийдвэрийг "Эрдэнэт" үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 15:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл тэглэхэд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэхээр болж байна. Төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг тус үйлдвэр энэхүү нэмэлт ачааллыг хэрхэн даах талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн тайлбар өглөө.


 Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр 2019 онд ТӨҮГ болсон. Энэ цагаас өртөг, зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болсноор техник технологио боловсронгуй болгох, үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлэх чиглэлийн ажлыг үе шаттай хийж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилд "Эрдэнэт" үйлдвэрээ өөд татах, улстөрөөс ангид байлгах чиглэлээр, үйлдвэрийн алс хэтэд онцгой анхаарч байгаа бөгөөд 2031 он хүртэлх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар баталсан" гэдгийг тэмдэглэв. 


Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэр 15 жилийн үндсэн чиглэлийг тав таван жилээр төлөвлөөд жил жилээр бизнес төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Энд мэдээж  650 тэрбум төгрөг их мөнгө юм. Гэхдээ бид зардлаа танах боломжууд дээр ажиллана. Нөгөө талаас 2021 оны төсөв төлөвлөгөөг ирэх долоо хоногт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлцэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна.


Хамгийн гол нь, цар тахлын амаргүй энэ цагт "Эрдэнэт" үйлдвэр бэлтгэлтэй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

2019 онд урьд өмнө олон улсын арбитрын шүүхийн хэмжээнд яригдаад шийдэгдээгүй байсан Казахстаны компаниас авах 20 сая ам. долларыг авч чадсан. Гадаад худалдааны экспортын гэрээний нөхцөлийг сайжруулах, мөн импортын худалдаан дээр нэг цонхны бодлогоор бүгдийг нь цахим тендер болгосноор, 2019 онд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлт хийсэн. Гадаад, дотоодын аль нэг банк, санхүүгийн байгууллагад өр зээлгүй болсон" гэдгийг онцоллоо.


Мэдээллийнхээ төгсгөлд  "Эрдэнэт" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, "Засгийн газрын энэ үүргийг 100 хувь төрийн өмчит "Эрдэнэт" үйлдвэр хэрэгжүүлэхийн төлөө, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээ, ард иргэдээ хамгаалах, тэдэндээ боломж олгохын төлөө тус үйлдвэрийн хамт олон бүх хүчээ дайчлан ажиллана. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ" гэж мэдэгдэв. 


Өнөөдөр зохион байгуулсан Засгийн газрын мэдээллийн үеэр Сангийн сайд Ч..Хүрэлбаатар, "Эрдэнэт үйлдвэр 2019 онд 963 тэрбум төгрөгийн, 2020 онд нэг их наяд төгрөгийг давсан татварыг Монгол Улсад төлсөн. Энэ бол өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийг Монголын ард түмэн төрдөө авсны үр дүн" гэдгийг тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ