“Time” сэтгүүл Байден, Харрис нарыг "оны хүн"-ээр тодрууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NBC/. “Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг "оны хүн"-ээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд тооцогдож байгаа Жо Байдан, түүний хамтрагч Камала Харрис нар тодорлоо.
Энэхүү нэр хүндтэй цолны эзнийг рок хөгжимчин Брюс Спрингс “NBC” телевизийн тусгай нэвтрүүлгээр зарлажээ.
Байден, Харрис нар талархлаа илэрхийлээд, “Time” сэтгүүлийн редакцын шийдвэр тэдний хувьд нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Энэ жил цар тахлын улмаас “оны хүн”-ыг тодруулах ёслолыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Нэр дэвшигчдийн танилцуулга, ялагчдыг зарлах, тэдний сэтгэгдлээ хэлэх мөчийн дүрс бичлэгийг урьдчилж бэлдсэн байна.
Байден "түүхэнд урьд өмнө болж байгаагүй сонгуулиар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр нэрлэгдсэн" гэж “Time” сэтгүүлийн редакторууд үзэж байгаа аж. Дэд ерөнхийлөгч асан өнгөрсөн 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын түүхэн дэх хамгийн олон саналыг авч, 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн амжилтыг эвдсэн учир энэхүү нэр хүндтэй цолыг олгожээ.
“Time” сэтгүүл "оны хүн"-д нэр дэвшигчдийн жагсаалтыг пүрэв гарагт танилцуулсан бөгөөд Байданаас гадна, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, тус улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи эмнэлгийн ажилтнуудын хамт, түүнчлэн өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгчдийн хөдөлгөөн нэр дэвшсэн юм. Харин Камала Харрис энэ жагсаалтад ороогүй байсан юм.
Өнгөрсөн жилийн "оны хүн"-ээр Шведийн залуу идэвхтэн Грета Тунберг тодорсон билээ.