Л.Лхасүрэн: Бэлчээрээс малынхаа идсэн өвс тэжээлд татвар өгч, өөрийнхөө амьдралын баталгааг хангуулах хэрэгтэй юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-07 20:53:40

Завхан/МОНЦАМЭ/. "Малын тоо толгойн албан татварын тухай хууль 2020 оны 11 дүгээр сарын 13 –ний өдөр батлагдаж ирэх оны  нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж хэрэгжиж эхлэхээр болжээ. Хуульд зааснаар нэг малын татвар 0-2000 төгрөг байх бөгөөд тухайн сумын ИТХ -аас малын төрөл тус бүрээр хэмжээг тогтоож "болно" гэжээ. Энэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Завхан аймгийн Мал зүйч үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат, хүндэт доктор Л.Лхасүрэнтэй уулзаж ярилцлаа. 

-Сайн байна уу? Малын тоо толгойн албан татварын тухай хууль малчдад хэр зэрэг дарамт болно гэж та үзэж байгаа вэ? Мэдээж танд судалгаа бий байх?

-Мал аж ахуйн тогтвортой өсөлтийг ханган, сүргийн зохистой  бүтцийг бүрдүүлж,  малын төрөл, нас,  хүйс, үүлдрийн ялгаагаар эдгээрийн ашиг шим  түүхий эдийг,  үйлдвэрүүдийн онцлог зориулалтаар  бэлтгэх зорилгоор  бэлчээр ашигласан малын  хөлийн татварыг  бий болгохоор  Улсын их хурал, Засгийн газар  ажиллаж байгааг  малчин түмэн олон сайшаан дэмжиж байна.

Гэхдээ манай уламжлалт цаг тооны мөчлөгийн эргэлтээр, арван зургаадугаар жаранд монголд  орж  байсан хур бороо, бэлчээрийн ургац,  дэлхийн дулаарал  хуурайшилтаас улбаалж,  энэ  арван долоодугаар жаранд илүүтэй нөлөөлж байгаагаас хур тунадасны оролт 10 гаруй хувиар багасаж, бэлчээрийн ургамлын ургац 2.4 га/центнерээр доошилж, бүх бэлчээрийн 20-25 хувь цөлжиж түүнээс долоон хувь нь дахин сэргэхгүй болсон гэдэг.

Монголчууд эртний уламжлалаараа эзэн тэнгэрээ шүтэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, мал сүргийнхээ бэлчээрийг улирлын онцлогоор хуваарилан сэлгэн сэргээж зохистой ашиглаж ирсэн нүүдэлчдийн агуу их ёс заншилтай улс билээ. Гэтэл энэ заншил сүүлийн үед бүдгэрч зарим малчид  төв суурин, зах зээлийн замд  ойр  ихээр нутаглах болсноос, бэлчээр хэт ашиглагдан малд, сайнаас онц үнэлгээгээр идэгддэг чанартай ургамлууд ургахаа больж,  шарилж, хамхуул, лууль, таана, хазаар  зэрэг түр ургаад намар малын хөл салхиар алга болж,  өвөл хавар ашигладаг хялгана, борог ботиул улалж, ерхөг хиаг, үетэн биелэг өвсгүй  болж,  хахир өвөл, хаврын улиралд  бэлчээрээр ихээр  хомсдох болжээ.

Ардчилал зах зээлийн нийгэмд шилжүүлэх гэж  хөдөө аж ахуйн  нэгдэл аж ахуйн хөрөнгийг,  гишүүд иргэдэд тэнцүүлэн хувьчилж, малчдад малыг адил хувааж өгөөд 2-3 жил болоход сайн ажилтай нь мянгат малчин болж, муу ажилладаг нь малаа дуусаад төв сууринд орж  ирцгээсэн шүү дээ. Өнөөдөр ч ажил хөдөлмөрөөрөө илүү малчид нь 500, 1000-аас дээш малтай хэвийн амьдарцгааж байна.  Тэгэхлээр малын хөлийн татварыг 500 буюу 1000-аас дээш малтай өрхийн малд илүү татвар ноогдуулах нь  амьдралынхаа төлөө зүтгэж  нийгмийн баялгийг арвижуулсан хүмүүсийн ачааг хүндрүүлж,  залхуу хойрго тэтгэлэг авч, бэлэнчлэх гэсэн хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг нь утгагүй ажил юм.

-Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-100 хоньтой ба 1000 хоньтой хоёр өрхийн нэг хонь өвөл зуны байдлаар дунджаар 1.5-2 кг өвсийг /хуурай жингээр/ адилхан иддэг. Энэ тооцоогоор жилийн 365 хоногт нэг хонь 565 кг өвсийг бэлчээрээс авч иддэг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Таван төрлийн мал нь бэлчээрийг ашиглахдаа, малын төрлийн онцлог, амьдын жингийн их багынхаа байдлаар, бэлчээрээс өвсийг иддэг учраас малын хөлийн татварыг тогтоохдоо тэжээллэгийн шинжлэх ухааны үндэслэлээр бүх малыг хонин толгойд буюу /нэг нэгжид/ шилжүүлээд бэлчээрээс олж идэх өвс тэжээлийн хэмжээг гаргадаг аргаар тооцох ёстой.

Энэ аргачлалаар нэг ямаа 0.9 хонь, нэг хонь = нэг,  нэг тэмээ таван хонь,  нэг адуу долоон хонь, нэг үхэр зургаан хонины идэх өвс тэжээлийг бэлчээрээс идэж ашигладаг. Дээрх тооцоогоор 250 тэмээ,  2500 адуу,  3800 үхэр,   80000 хонь, 76000 ямаа бүгд 162 550 толгой малтай нэг сум нэг жилд 104 сая тонн өвсийг бэлчээрээс ашигласан байх жишээтэй.

Улсын хэмжээнд малын хөлийн татварыг  нэг хонин толгойд  жилд 2000 төгрөгөөр тогтооход  жилийн нэг сард нэг бог мал 167 төгрөгийн бэлчээр ашиглах юм. Тэгвэл ган зудын нөхцөлд гадна аймаг, сумын нутагт отроор явж байгаа малчид  дээрх тооцоогоор тухайн суманд бэлчээр ашигласны татвараа төлнө. Жишээлбэл 800 бог малтай нэг өрх гадна сумын нутагт гурван сар отор хийгээд буцахдаа тэр сумын  газрын даамалд 800 толгой х 167 төг х 3 сар = 400 мянган төгрөг буюу 2-4 бог өгч бүх хонио онд оруулаад буцаж ирнэ.

Монголын нүүдэлчин ард түмний уламжлалт суурь эдийн засаг нь мал аж ахуй юм

Амьдрал дээр оторт их явдаг малчид,  нутагтаа  оторчдыг хүлээн авдаг баг сумынхан, бичигдээгүй хуулиар  зарим газарт  дээрх хэмжээний мөнгө малыг өгч авалцаад  явж байдаг. Иймд сумын ашиглах бүх бэлчээр түүний га-ийн ургацыг тогтоож, өөрийн нутаг бэлчээрийн хүрэлцээг тооцож мал аж ахуйг эрхэлдэг билээ. Нөгөө талаар хонин толгойд шилжүүлсэн нэгж малаас ашигладаг мах, сүү, ноос, ноолуур, төл  мөнгөн илэрхийллээрээ ойролцоо байдаг.

Хэрэв малын хөлийн татварыг тогтоохдоо, ховордож байгаа тэмээ, ашиг шимээр таваарлаг  үхрийг илүүтэй өсгөхөөр,  татварыг багаар тогтоох.

Эсвэл  бэлчээрт халтай ямааны  татварыг илүү тогтоох. Цөөн малтай өрхийн малыг татвараас хөнгөлөх, 500 толгойгоос дээш малтай өрхөд илүү татвар ноогдуулах зэрэг бодлого нь байнга оновчтой биш асуудал юм. Учир нь ган зуд болоход олон малчны мал цөөрөх. Ядуу өрх дэвжин дээшлэх,  далайн халуун орны том захад  ямааны махыг хоёр жил ахиу экспортлоход илүүдсэн ямаагүй болж,  өрхийн малын татварын тооцоо жил бүр өөрчлөгдөх ажил гарна.

-Тэгэхлээр зөрчил их гарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өмнөх тогтолцооны үед нэгдлийн гишүүн өрхийн амины малыг 50, 75 толгойгоор хязгаарласан хуультай  байхад, их малтай хүмүүс  цөөн малтай өрхүүдэд хуваагаад тоолуулдаг. Ажилчин албан хаагчид 10-16 толгойгоос давсан малаа хөдөө малчид дээр тоолуулчхаад зохицуулдаг байсан шиг зөрчил байнга гарах болно.

Тэгэхлээр хонин толгойд  шилжүүлсэн мал бүгд л адил өвс идэж, ус ууж, хужир хэрэглэдэг тул малын хөлийн татварын хэмжээ бүгд нэг адилаар тогтоож  хуульчлах нь зүйтэй юм. Малын хөлийн татварын хэмжээг харахад нэг хонь толгойд  2000 төгрөг гэдэг зөв шийдэл санагдсан. Ханш муу үед хэт багаар тогтоовол  бэлчээр хамгаалах хөшүүрэг болж чадахгүй. Жишээлбэл бүтэн жилд 100 толгой хоньтой өрх 100 х 2000 = 200 мянган төгрөг буюу хоёр эм хонь эсвэл нэг эр хонийг татварт өгнө. 1000 толгой малтай хүн 1000 х 2000 = 2 сая төгрөг буюу 10 эр хонийг татварт өгнө. Гэтэл  хонь хормой доогуур гэгчээр жилд сайн малчны хотноос 1,4 - 2 хувь, дунд зэргийн малчны хотноос 5 - 8 хувь,  муухан малчны хотноос 10 - 20 хүртэлх хувийн төл, том мал эргүү тойруу эмгэг өвчин,  чоно нохойд орох, алдах зэргээр хорогдол гардагтай харьцуулахад, энэ татвар бага юм. Иймд манай малчид улсын бэлчээрээс малынхаа идсэн өвс тэжээлд  татварыг өгч, өөрийнхөө амьдралын баталгааг хангуулах  хэрэгтэй юм. Монголын нүүдэлчин ард түмний уламжлалт суурь эдийн засаг нь мал аж ахуй юм. 

Төр засгаас мал аж ахуйд анхаарч дорвитой арга хэмжээ аваагүйгээс малын хэт өсөлтийн хөөсрөлт, бэлчээрийг доройтуулах үндсэн шалтгааны нэг болсон байна

-Уур амьсгалын дулаарал сүүлийн жилүүдэд эрчимтэй бий болоод байна. Хэт олон мал бэлчээр, газар нутгийг талхалж байгаа гэж зарим судлаачид үзэж байна?

-Монголчууд бэлчээрийн мал аж ахуйг олон зуун жил эрхэлж ирэхдээ  өнөөгийн үе шиг  малын бэлчээр хэт доройтолд орсон мэдээ байдаггүй юм.

Энэ нь эх дэлхий, ертөнцийн зүй тогтлын өөрчлөлт доройтлоос хамааралтай байна. Өнөө үед зарим удирдлагууд малын хэт өсөлт  бэлчээр сүйтгэж байна. Малыг цөөлөх хэрэгтэй гэж ярих нь малчин түмэнд муухай сонсогддог. Монгол хүн ашдын бэлгээс амны бэлэг гэж ярьж заншсан шүү дээ. Тэгэхлээр малын тогтвортой өсөлтөд нөлөөлсөн нөхцөлүүд байна. Тухайлбал Монгол улс зах зээлд орж хил гааль нээгдэж, гадаад орны харилцаа нэмэгдсэнээр, тансаг хэрэглээтэй орнуудаас, ямааны нарийн ноолуур ба ноолууран бүтээгдэхүүнийг өндөр үнээр авах болсноор үнэтэй ноолуурынхаа буянаар ямаан сүргийн хэт өсөлт бий болсон.

Хоёрдугаарт аймгууд жилийнхээ  бойжуулж авсан төлийнхөө 30 хувьтай тэнцэх малыг дотоодын махны үйлдвэр комбинатуудад өгч байсны дээр томоохон хотуудын хүнсэнд мөн төлийн 13 хувьд ноогдох мал мах бэлтгэдэг байв. Мөн Зөвлөлт холбоот улсад  намрын бэлтгэлээр жилийн бойжуулж авсан төлийнхөө 20-иод хувьтай тэнцэх хонь, үхэр, адууны махыг бэлтгэн Цагаан нуур, Хатгал, Сэлэнгэ, Дорнодын боомтуудаар экспортолдог байв.

Хөдөө орон нутгийн иргэд, малчид өөрсдийн жилийн төлийн орлогын 28 хувьтай тэнцэх  малыг хүнсэндээ хэрэглэж байсан нь тухайн аймгуудын  малын өсөлтийн орлого,  шинэ бойжиж байгаа төлийн 90 гаруй хувьтай тэнцэх малыг дотоод гадаадын хэрэгцээнд хэрэглэдэг байсан нь малын өсөлтийн хөөсрөлтгүй. Бэлчээр малын зохицоо хэвийн байсан юм. Мөн тухайн жилийн  гангүй зуншлага,  зудгүй өвлөөс шалтгаалсан  малын хорогдол бага байвал тэр сум  өмнөх оныхоо малыг тогтвортой байлгасан. Мөн аймаг малаа таван төрөл дээр нь буюу дүнгээр нь улсын төлөвлөгөөг аравхан мянгаас дээш өсгөвөл тэр аймгууд улсад байр эзэлж  өргөмжлөгддөг байв. Харин мал өсгөх улс, аймгийн төлөвлөгөөг тасалсан сум нэгдлийн дарга нэг улирлын дотор арга хэмжээнд орж  ажлаас халагддаг байсан юм. Ийм нөхцөлөөр мал сүргийн эргэлт явагдаж,  эдийн засгийн тооцоогоор малын тогтвортой өсөлтийг хангаж байлаа.

 

За тэгвэл, Ардчилал зах зээлд орлоо гэснээс хойш 30-аад жилд намуудаар толгойлуулсан  төр засгаас,  мал аж ахуйд  дорвитой арга хэмжээ аваагүй.  Энэ тухай Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай хэлэхдээ: -“Ардчилал өөрчлөлтийг хийгчид,  малын асуудлыг  малчдад малыг үнэгүй хувьчилж өгсөн гэдгээр  амыг нь хаадаг гэж ярьж байсан нь гашуун үнэн юм. Өөрөөр хэлбэл  мал аж ахуйн бүх төрлийн түүхий эдийг боловсруулж өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн хийдэг хөнгөн аж үйлдвэрүүдийг  хувьчлах нэрийн доор устгаснаас, малын арьс шир, нэхий, ноос үснээс эхлээд  мал  түүний бүтээгдэхүүнийг  үнэгүйдүүлэхэд хүргэсэн. Мөн  жилд сүргийн эргэлтээр  нас дэвшин ирж байгаа эр сувай малыг дотоод гадаадын зах зээлд гарган, малчдын орлогыг нэмэгдүүлэх ажлыг тодорхой хийгээгүйгээс малын хэт өсөлт буюу  хөөсрөлт үүссэн” гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэн.

Нөгөөтээгүүр малчдын яриагаар байгаль цаг уурын олон бэрхшээлээс зөвхөн 1998-2001 оны  харын зуд,  2001-2002 оны цагаан зуд, 2008-2010 оны зуд гамшигт төл, том мал бүхий олон сая малаа хорогдуулж аймшигт хохирлыг амссан малчин иргэд. Тэр хорогдсон олон сая малыг дотоод гадаадад борлуулж малчдад туслах арга хэмжээг засаг төр аваагүйд, малчид өнөөдөр ч гомдон нэхэмжлэн ярьсаар байдаг юм. Эцсийн эцэст төр засгаас мал аж ахуйд анхаарч дорвитой арга хэмжээ аваагүйгээс малын хэт өсөлтийн хөөсрөлт, бэлчээрийг доройтуулах үндсэн шалтгааны нэг болсон байна.

Бэлчээр ашигласан малаас малын хөлийн татвар ноогдуулах нь зөв

-Тэгэхлээр малын хэт өсөлтөд, бэлчээрийн доройтолд төрийн бодлого дутагдаж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Тухайлбал сумынхаа нутаг бэлчээрийг улирлаар хуваарилан, таван хошуу малд тохируулан маллуулдаг  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар өдрийн од адил ховор байна. Одоо ч ховор байна. Ардчилсан нийгэмд орлоо гээд удирдах, удирдуулах ёс зүйгээ мартаж, өвөл, зуныхаа бэлчээрийг зааглаж, улирлаар нүүж, нутагладаг малчид хэт цөөрснөөс бэлчээрийг доройтуулсан нэг эзэн нь малчид өөрсдөө юм.

Өмнөх тогтолцооны үед аймгууд, тэжээлийн нэгжээр 30-60 мянган тэжээлийн нэгжтэй тэнцэх тэжээлийг бэлтгэснээр,  хатуу хариг цагт малд 30-40 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээх нөөц бэлтгэдэг байсан. Энэ нь аймгуудын бүх малд жилд шаардагдах өвс тэжээлийн дөнгөж 3-5 хувьтай тэнцэж,  цаана нь  бүх малд шаардагдах тэжээлийн 95-97 хувийг  байгалийн бэлчээрээр хангагдаж байдаг учир нүүдлийн мал аж ахуйн оршин тогтнох үндсийн үндэс нь бэлчээр юм. Бэлчээр ашигласан малаас малын хөлийн татвар ноогдуулж байгаа  ажилтай дүйх. Бас татвар ноогдуулах үндэслэлийн нэг, улсын мал тооллогын ажлын талаар анхаарах асуудал байна.

-Мал тооллогын ажил арай өөр хэлбэрээр зохион байгуулагддаг байсан гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Өмнөх нийгэмд улсын мал тооллогыг маш нягт нямбай нэг бүрчлэн нүд үзэж, хуруу даран, нас хүйсээр ялган тоолдог байсныг нийтээр мэднэ. Гэтэл сүүлийн жилүүдэд мал тооллогыг ямар аргаар яаж хийж байгааг нийт иргэд мэдрэхгүй байна. Тухайлбал багийн дарга нар өрх айлаас сар улирлаар малын хорогдлын мэдээ, төл бойжилтын мэдээг авахгүй байна. Олны яриагаар оны эцэст мянган малтан болох хүн тавиул малаа нэмээд тоолуулдаг. Төсөл тэтгэмжийн мөнгө тусламж авах болохоороо ядуу болоод малаа дараад тоолуулдаг. Банкнаас томоохон зээл авах болохоороо малаа өсгөөд тоолуулдаг гэж олон түмэн ярих болж. Үнэн худал олны яриа ортой гэгчээр мал тооллогыг зохих ёсоор сайн хийх хэрэгтэй. Ялангуяа малын хөлийн татварыг өрх бүрээр, малын нас хүйс, үүлдэр омог, нутгийн ба сайжирсан, гадаадын өндөр ашиг шимт гэдгээр ялгаварлан бүх малд бэлчээр ашигласны татварыг ялгавартай ноогдуулах болж байна. Малын тоо толгойн албан татварын тухай хуульд. Тиймээс л улсын мал тооллогыг шинэ зохион байгуулалт, хүчтэй бүтцээр хийх нь зүйтэй  байна. Энэ хуулиар бол малчид жилийн эцсийн малын тоогоо үнэн бодитоор өгөх хэрэгтэй болж байна. Банкны зээлд хамрагдах гэж өсгөж тоо өгөх нь татварын өрөнд оруулах нь байна.

Малын тоо толгойн албан татварыг малчид, бэлчээрт нь зарцуулах ёстой


-Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдсантай холбоотой малын хөлийн татварын мөнгийг хэн, яаж, зарцуулах талаар таны бодол?

-Татвараас цугларсан  мөнгийг  малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрхэлдэг аж ахуйн үйлдвэрлэл технологийг боловсронгуй болгож, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх,   үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашигтай зах зээлд нийлүүлэх. Малыг тогтвортой өсгөж,  ашиг шимийг нэмэгдүүлэн эрчимжүүлэхэд туслах зэргээр малчдын аж амьдралыг дээшлүүлэхэд зориулан зарцуулахад хэрэглэх ёстой. Мөн малын хөлийн татварын мөнгийг орон нутаг сумын мэдэлд өгнө гэдэг нь эргэлзээтэй асуудал.

Өмнөх нийгэмд сумын гол хоёр удирдлагыг гадна сумын хүнээр тавьдаг байсан. Одоо аль нэг намыг дагасан ах дүү олноороо түрүү барьж сонгогдсон. Ажлын туршлага, мэргэшил мэдлэгээр тодорхойгүй хүмүүс сумыг удирдаж байна. Иймд сумын зарим удирдлагууд малын хөлийн татварыг  шударга тогтоож,  авсан татвараа  зөв зарцуулна гэх итгэл муу байна гэж малчин олон ярьж байна. Тэд сум хөгжүүлэх сангийн мөнгөө хог цэвэрлэж булах, нохой алах, байшин засаж будах, зээл, түрээсэнд өгөх, малжуулах, өвс бэлтгэх, зарим төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж байна. Гэтэл зарим нь сум хөгжүүлэх сангаа бүрэн бүрдүүлж чадахгүй байх жишээтэй байна.

Иймд татварын мөнгийг нэгдсэн журмаар улс төвлөрүүлэн хурааж, зарцуулах хатуу журмыг гаргах нь зүйтэй байх. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт 30 хувь, суманд 70 хувийг хуваарилан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах нь зүйтэй санагдана. Тухайлбал аймагт хуваарилсан 30 хувийг дараах асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах хэрэгтэй. Нэн тэргүүнд ган зуд болсон нутгаас мал малчдыг нүүлгэх, гоц халдварт өвчинтэй тэмцэх, малын чанарыг сайжруулах. Алсын отрын бэлчээрийг эзэмшүүлэх, худаг ус гаргах, үлийн оготнотой тэмцэх, шинээр хадлангийн талбай бий болгох. Хур бороо цасны усыг хуримтлуулж мал, таримлыг услах зэрэг томоохон ажлуудыг хийхэд зарцуулах нь зүйтэй юм.

-Малчдад зориулсан, малын бэлчээрийг сайжруулан олон улсын болон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Төслийн үр дүн бий байх?

-Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт хөтөлбөрөөс бэлчээрийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэхээр судалгаа бодит тодорхой ажлуудыг хийсэн гэдэг. Монгол улсад бэлчээрийг хамгаалан сайжруулна гэж ярьдаг төрийн ба төрийн бус, олон нийтийн ба төсөл хөтөлбөрийн байгууллагууд ажиллаж байна. Гэвч өнөөдөр бэлчээр муудаж доройтсон хэмжээ нь нэмэгдсээр байна.  Иймд эдгээр төрийн бус, олон нийтийн ба төслийн байгууллагууд, ажлынхаа чиглэлийг өөрчилж,  ард түмний төлөө төр засгийн хийж чадахгүй байгаа ажилд туслан  мал аж ахуйг эрчимжүүлэх.

Малчдын үйлдвэрлэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн тухайлбал ноос, ноолуур, нэхий арьс, мах,  сүүг  чанар, зэргээр зориулалтын үйлдвэрүүдэд ялгаварлан бэлтгүүлэн нийлүүлэхэд зуучлах.

Эрчимжсэн аж ахуйн түвшинд хүрсэн өрхийг тодорхойлох. Мал сүрэгтээ удам гарвалийн бүртгэл хөтөлж, өндөр ашиг шимт сайжруулагч ашиглан  малаа  эрчимжүүлсэн  малчдад  урамшууллыг улсаас олгуулах. Шинээр /уурхайн/ гар худаг гаргасан малчдыг тодорхойлж урамшуулж худгийг  сум багт нь эзэмшүүлэх. Мөн алсын зэлүүд бэлчээрт нутаглаж байгаа малчдад гарсан илүү зардлыг төсөл хөтөлбөрөөс нөхөн өгүүлэх. Эрчимжсэн мал аж ахуй, шинэ үүлдрийн малын онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалттай  бүтээгдэхүүнд хамруулж, нэмүү өртгийг олгуулах.

Мөн цөм сүргийг шинээр бий болгосон мэргэжилтэн, малчдыг тодорхойлж уламжлах зэрэг ажлуудыг зохион байгуулмаар санагддаг. Ингэснээр малын бэлчээрийг  сайжруулах  нөхцөлүүд бас бүрдэх болно гэж үзэж байгаа юм.

Өнөөдөр Монгол улсын нийт нутгийн 78 хувийг эзэмшин бэлчээрээр ашиглаж, бүх малын 96,8 хувийг нүүдлээр маллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэж,   хүн амын 30 гаруй  хувь нь мал аж ахуйг түшин амьдарч байна. Мөн мал ба түүний бүтээгдэхүүнийг авч дотоод, гадаадын хэрэглэгчдэд хүргэн зуучлагч ченж, аж ахуйн нэгжүүд нь хөдөлмөрийн насны хүний таван хувиас давж байгаа зэрэг нь монголын бүх хүний гуравны нэгээс илүү нь мал аж ахуйгаас хамааралтай амьдарч байна гэсэн үг. Иймд үндэсний уламжлалт аж ахуйн гол асуудал болох бэлчээрийн ба малын  хөлийн татварын хуулийг төгс боловсруулан гаргасан гэж иргэд, малчид хүлээж байна. 

Холбоотой мэдээ