“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 12 мянган иргэн хамрагджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-12-05 11:28:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд тандалтын зорилгоор энэ сарын 4-нд эхэлсэн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд одоогоор 12 мянга гаруй иргэн хамрагдсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа хэллээ. Тэрбээр, ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр уг мэдээллийг танилцуулсан юм.


Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлийн 70 мянган өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж буй юм. Өрхийг дүүргүүдийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж байгаа аж.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, “Нийт шинжилгээ авах өрхүүдийн 70 хувь нь коронавирусний халдвар илэрсэн хороодод, 30 хувь нь бусад хороонд байх юм. Шинжилгээ авах 48 цэг нийслэлд ажиллаж байгаагаас 18 нь байнгын, 30 нь түр цэг юм. Шинжилгээнд хамруулах өрхүүдийг сонгож дууссан бөгөөд сонгогдоогүй өрхийн иргэд шинжилгээний цэгт очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна” хэмээв.


Дүүргүүдээс шинжилгээнд хамруулах өрхийн тоо:

Баянзүрх, Баянгол дүүрэг-20 мянга

Сонгинохайрхан дүүрэг-13 мянга

Хан-Уул дүүрэгт 6000

Сүхбаатар дүүрэгт 4500

Чингэлтэй дүүрэгт 3000

Багануур дүүрэгт 2000

Налайх дүүрэгт 1000

Багахангай дүүрэгт 500 өрх байна.


НЭМГ-аас өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байгуулсан шинжилгээний цэгүүдийг татан буулгасан байна. Учир нь эдгээр цэгийг нийтийн тээвэр цагийн хязгаарлалттай байх үед байгуулсан бөгөөд одоо хэвийн горимд шилжсэн тул иргэдийг дээр дурдсан 48 цэгт очих боломжтой хэмээн үзсэн байна.


Ташрамд дурдахад, нийслэлд өнгөрсөн сарын 14-нөөс 118 цэгт коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын, зорилтот бүлгийн болон сайн дурын хүмүүсээс шинжилгээ авч байгаа бөгөөд одоогоор 120 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Энэ ажил цаашид үргэлжилнэ.

Холбоотой мэдээ