Монгол, “Turquoise Hill" хамтран Оюу толгойн асуудлыг шалгана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-12-03 12:59:19

ОТТАВА. /Mining/. Монголын Засгийн газар, Канадын “Turquoise Hill” компанийн төлөөлөгчид Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон асуудалд хөндлөнгийн дүгнэлт гаргах тусгай хороо байгуулахаар болжээ.


Энэхүү хорооны дөрвөн гишүүний хоёрыг Оюу толгойн дийлэнх хувийг эзэмшдэг “Turquoise Hill” дэвшүүлэх бол үлдсэн хоёр гишүүнийг зэс-алт-мөнгөний томоохон уурхайн үлдсэн 34 хувийг эзэмшдэг Монголын “Эрдэнэс Оюу толгой” компани сонгох ажээ.


“Тусгай хороо нь Оюу толгой төслийн менежмент, уурхайн дизайн, зардлын хяналт болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, дүгнэлт гаргах үүрэгтэй юм” гэж Монголын Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.


“Rio Tinto” компани уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацааг анхлан товлосондоо биелүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид хууль ёсны ажиллагааг эхлүүлнэ хэмээн мэдэгдээд буй энэ үед түншүүд нь дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Оюу толгойн бүтээн байгуулалт хоёр жилээр хойшилж, зардал нь 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ гэдгийг “Rio Tinto” энэ оны 7 дугаар сард мэдэгдсэн. Үүний зэрэгцээ коронавирусний халдварын улмаас үйл ажиллагаа тасалдсаныг харгалзан зэсийн жилийн олборлолтын урьдчилсан таамаглалаа бууруулсан юм. 

Холбоотой мэдээ