Саудын Араб, Катар АНУ-ын зуучлалтайгаар харилцаагаа сэргээхээр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-03 11:06:29

НЬЮ-ЙОРК. /TASS/. Саудын Араб, Катар улсууд Вашингтоны зуучлалтайгаар харилцаагаа сайжруулах урьдчилсан тохиролцоонд удахгүй хүрч магадгүй тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжиллаа.


Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд хоёр орны хил, агаарын орон зайг нээх талаар ойрын үед тохиролцоонд хүрч магадгүй байна. Үүнээс гадна, хоёр улсын хооронд хүрсэн тохиролцоо мэдээллийн дайнд цэг тавьж, хоёр талын харилцааг сэргээх бусад хэд хэдэн алхамын эхлэлийг тавих юм. “Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, Катар улстай дипломат харилцаагаа тасална гэж өмнө нь мөн мэдэгдэж байсан Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Бахрейн болон Египет улс удахгүй хүрэх тохиролцоонд оролцохгүй аж. 


Үүнээс гадна, ахлах зөвлөхөөр нь ажилладаг, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийг энэ долоо хоногт бүс нутагт айлчилсны дараа Кувейтийн зуучлалтайгаар хийж буй хоёр орны харилцааг сэргээх яриа хэлэлцээ амжилттай дуусаж магадгүй гэж “Bloomberg” агентлаг онцлон тэмдэглэжээ. Кушнер Саудын Араб болон Катарт айлчилж Дохаг Персийн булангийн бусад улс орнуудтай эвлэрүүлэхээр төлөвлөж байна гэж “Axios” мэдээллийн цахим хуудас ням гарагт мэдээлсэн юм. Ингэснээр бүс нутгийн байдлыг тогтворжуулахын зэрэгцээ 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордны тэргүүн солигдохоос өмнө одоогийн засаг захиргааны хүрсэн ололт амжилтуудын нэг болно гэж Америкийн тал үзэж байгаа аж.


2017 оны зун Саудын Араб, АНЭУ, Бахрейн, Египет улсууд Дохаг терроризмыг дэмжиж, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутган, Катар улстай дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдсэн юм. Үүний дараагаар эдийн засгийн хориг арга хэмжээ авч, агаарын орон зайгаа хаажээ.


Холбоотой мэдээ