БНСУ-д өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо дахин 500 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-12-02 13:54:24

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо дахин 500 давлаа гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.


БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 511 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний тоо 35163-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 493 нь дотоодод халдварласан байна.


Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт халдварын 581 тохиолдол илэрсэн нь сүүлийн найман сарын хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд сүүлийн гурван хоногт буурч, 400 орчимд хэлбэлзэж байсан боловч ийнхүү дахин нэмэгджээ.


Эрх баригчид өвлийн улиралд халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж болзошгүйг удаа дараа анхааруулж, халдвартай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дагаж мөрдөхийг ард иргэддээ уриалж байна.


Мөн халдвар олон газарт голомтлон тархаад буй энэ үед халдварын тархалтыг хязгаарлаж чадаагүй тохиолдолд ирэх нэг юм уу хоёр долоо хоногийн хугацаанд өдөрт 700-1000 тохиолдол бүртгэгдэж магадгүй байгааг анхааруулжээ.


Нийслэл Сөүл хот, Гёнги муж, Инчеон хотыг хамардаг Сөүл хотын бүсэд зайнаас харилцах дүрэм журмын хоёр дахь түвшнийг тогтоогоод байгаа боловч халдвар тархах эрсдэлтэй байгууламжуудад хатуу хязгаарлалтуудыг тогтоосон байна.


Тодруулбал, Сөүлийн бүсэд саунуудыг долоо хоногийн турш хааж, “Зумба” бүжиг, аэробик  гэх мэт олноороо танхимд хийдэг есөн төрлийн дасгалыг хоригложээ. Бусад бүс нутгийн хувьд хоёр долоо хоногийн хугацаагаар 1.5 дахь түвшнийг тогтоожээ.


БНСУ-д мягмар гарагт илэрсэн халдварын тохиолдлуудын 192 нь Сөүлд, 143 нь Гёнги мужид, 21 нь Инчеон хотод бүртгэгдсэн нь нийт шинэ тохиолдлын 70 гаруй хувьтай тэнцэж байна. Сөүлийн бүсэд БНСУ-ын 51.6 сая хүн амын тэн хагас орчим нь оршин суудаг юм.


БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 28065 хүн эдгэрч, 526 хүн нас барсан бол 101 хүний биеийн байдал хүнд байна. 

Холбоотой мэдээ