ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-01 10:27:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг багасгахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулах зорилгын дор дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэдэг.


Энэ өдрийг тэмдэглэх тухай санаачилгыг 32 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ онд ХДХВ-ийн халдварын нэн шаардлагатай тусламж үйлчилгээг COVID-19-ийн хариу арга хэмжээний нэг хэсэг байдлаар тасралтгүй үзүүлэхэд Дэлхийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нар нэгдэж, "Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор зохион байгуулах юм.


2019 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 38 сая хүн амьдарч байна.


Дэлхийн ХДХВ-ийн халдварыг зогсоох 2020 оны тавьсан зорилтдоо хүрээгүй байгаа нь ухрах биш цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн шинэчлэх дохио болсон. COVID-19 халдвар, цар тахлын улмаас энэ жил “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийн талаар иргэдэд олон нийтийн мэдээллийн сувгаар идэвхжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 304 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 3 тохиолдлоор цөөн байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 


Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.


ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.
Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

Холбоотой мэдээ