Говь-Алтай аймагт байгаа оюутнуудаа нэгдсэн журмаар татаж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-30 22:54:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж 27 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон. Тухайлбал үсчин, оёдол, гуталчин гэх зэрэг хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон гэж мэдээлэв.

-“Аймгийн Онцгой комиссын 49 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэээд дараах 27 төрлийн байгууллага халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Тухайлбал эрчим хүчээр хангах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа.


Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа, банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмжийн үйл ажиллагаа, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа. Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, арьс шир, ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа. Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа, Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа. Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттайгаар/. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа буюу шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тус тус хэвийн горимд шилжиж ажиллана.  Мөн хугацаанд оршуулгын үйл ажиллагаа, дугуй засвар, гагнуур, авто засвар, сэлбэг худалдаа, барилгын материал, сантехникийн худалдаа, авто угаалга, такси үйлчилгээ, иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын үйл ажиллагаа, үсчин, оёдол, гутал засварын үйлчилгээнүд хэвийн ажиллана” гэлээ.

Бусад аймаг, хотоос ирсэн иргэдэд л зөвшөөрөл олгоно гэв

Завхан аймаг зөвхөн Улаанбаатар хот болон бусад аймгийн харьяалалтай иргэдэд аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл олгож буцаана гэж Онцгой комисс мэдээлэв.

-“Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хязгаарлана. Мөн олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг хориглоно. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимоор зохион байгуулна.  Ингэхдээ 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд чөлөө олгох, албан хаагчдыг аль болох цахим хэлбэрээр ажиллах нөхцөл бололцоогоор хангана.

Эрсдэлтэй бүсээс буюу Улаанбаатар хотоос 4296 иргэн ирэх тул хот хоорондын болон аймгаас сум, сумаас сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах горим хэвээр үйлчилнэ.  Говь-Алтай аймагт байгаа оюутнуудаа нэгдсэн журмаар татаж авна. Улаанбаатар хотоос ирэхээр бүртгүүлж, шинжилгээгээ өгсөн 4296 иргэнээ 12 сарын 1-10-ны өдрүүдэд татаж авна. Нийтийн тээврээр Улаанбаатар хот явах иргэдийн шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр авахаар тус тус шийдвэрлэлээ. Иргэд нэмж асууж тодруулах зүйл байвал 24 цаг нээлттэй ажиллаж байгаа аймгийн Шуурхай штабын 70462110 утсаар тодорхой мэдээллүүдийг лавлаж асууж болно” гэв.

Холбоотой мэдээ