Ковид-19 цар тахлын тархалтын орон зайн мэдээллийг цахимжуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 18:00:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ-ны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх суурь орон зайн мэдээллээр холбогдох газрыг хангаж байна.


Байрлалд суурилсан веб газрын зургийг хөгжүүлж, улсын хэмжээний барилга, хашаа, засаг захиргааны нэгж, эмнэлгийн байрлал, замын мэдээллийг вебээр олон нийтэд нээлттэй болгов.


ЭМЯ-наас тогтмол мэдээлж буй халдвар авсан, эмчлүүлж буй, эдгэрсэн иргэдийн тоон мэдээллийг веб газрын зурагтай холбосныг geoportal.nsdi.gov.mn хаягаар орж харах боломжтой.


Мэдээллээс эмнэлгүүдийн байршил, хэвтэн эмчлүүлж буй, нэмж хэвтэн эмчлүүлэх хүний тоог харгалзан бодит агшны зураглал бий болгох юм. Мөн хүн амын нягтрал харгалзан эмнэлгийн хүртээмж, даацыг мэдээлэх, сэжигтэй болон халдвар авсан иргэний байрлал, явсан замыг зураглах, хязгаарлалтын бүс тогтоох боломжтой аж.


Түүнчлэн, энэ сарын 13-наас эхлэн УОК-т нийслэлийн барилга, хашаа, зам, гудамжны байрлал, нэр, эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмийн сангууд, коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэгүүдийн байрлалыг дүрсэлсэн газрын зургийг тоон болон хэвлэмлээр бэлтгэн өгчээ. 

Холбоотой мэдээ