БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-11-24 11:11:46

ТОКИО. /NHK/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй хэлэлцээ хийхээр тус улсад өнөөдөр айлчилна. Мөн тэрбээр Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй лхагва гарагт уулзах төлөвтэй байна.


С.Ёшихидэ Засгийн газраа эмхлэн байгуулснаас хойш БНХАУ-ын өндөр албан тушаалтан Японд анх удаа айлчлах гэж буй нь энэ юм.


Токио коронавирусний цар тахлыг хяналтад авах арга хэмжээнүүд, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан зорчуулах төлөвлөгөө болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой олон улсын нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


Мөн Япон хоёр талын харилцааг тогтворжуулахад өндөр түвшний төлөөлөгчдийн харилцаа холбоо ихээхэн ач холбогдолтой болохыг дахин нотлохыг эрмэлзэж байгаа ажээ. Үүнээс гадна БНХАУ-ын далай тэнгис дэх үйл ажиллагаа болон Хонконгийн хяналтыг чангатгаж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэхээр төлөвлөжээ.


Хятадын усан онгоцнууд Окинава мужийн Сенкакү арлуудын ойролцоох Японы усан нутаг дэвсгэрт удаа дараа зөвшөөрөлгүйгээр нэвтэрчээ. Эдгээр арал нь Японы хяналтад байдаг бөгөөд тус улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг юм. Харин БНХАУ, Тайвань тэдгээр арлыг нэхэмжилдэг байна. 

Холбоотой мэдээ