Идэш хоолондоо явах зөвшөөрлийг түр хугацаагаар олгохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-23 13:33:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улаанбаатарт коронавирусний халдвартай нь батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болсон хоёр хүний PCR шинжилгээний хариуг гартал иргэдэд идэш хоолондоо явах зөвшөөрөл олгохгүй гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ сарын 20-нд Улаанбаатар хотод халдвартай нь тогтоогдсон нэг иргэний ойрын хавьтал хоёр хүн Сайнцагаан суманд байгаа ба тэдгээрийг хавьтал болсон 57 хүний хамт олж тогтоон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, бүгд сөрөг гарсан ба 30 хүнээс нь PCR шинжилгээний сорьц авч ХӨСҮТ рүү явуулсан. Шинжилгээний хариуг хүлээх, нөгөө талаас зарим иргэдийн хорио цээрийн дэглэм баримтлахгүй байгаа үйлдлээс болоод ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. 

Учир нь энэ сарын 20-ныг хүртэл аймгийн Онцгой комиссоос Дорноговь, Говьсүмбэр аймагтай хил залгаа орших Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаал болон Гурвансайхан сумаас бусад сум руу өвлийн идэш, хоолондоо явах зөвшөөрлийг иргэдэд олгож байсан.

Гэхдээ иргэд дээрх таван сумаас бусад суманд явах зөвшөөрөл авчихаад зорчихыг хориглосон сум руу явах тохиолдол их гарсан аж. Тиймээс  иргэдийн идэш хоолоо авч нөөцөлдөг цаг хугацаа болж байгаа ч гэсэн нийтийн эрх ашиг, нийгмийн эрүүл мэндийн төлөө иргэдэд сум руу зорчих зөвшөөрлийг ийнхүү түр хугацаагаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн ажээ. 

Холбоотой мэдээ