200 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-11-22 18:07:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш Говь-Алтай аймагт ирсэн тээврийн жолооч, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нэвтрэх гэсэн 200 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. 


Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штаб өдөр бүрийн 13 цагт иргэдэд улс, аймгийн нөхцөл байдал болоод анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Тэгвэл 11 дүгээр сарын 22-ны өдрийн мэдээллийн цагаараа 11 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш Говь-Алтай аймагт ирсэн тээврийн жолооч, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нэвтрэх гэсэн 200 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан, бүгд сөрөг гарсан тухай онцлон танилцууллаа. Гэхдээ энэ нь халдвар аваагүй эрүүл гэдгийг бүрэн батлахгүй тул Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирсэн иргэд 14 хоног гэрийн ажиглалтад байгаа тухай мөн үеэр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа танилцууллаа.


Мөн иргэд хөл хорионы үеэр гэр бүлээрээ дэлгүүр хоршоо хэсэх, автомашинтай олноороо сэлгүүцэж байна. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна. Иймд иргэд та бүхэн гэртээ байж цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг сануулав. Говь-Алтай аймгийн төв буюу Есөнбулаг сумын гудамж, зам, талбайг хяналтын камераар ажиглаж байгаа тухай Цагдаагийн газраас мэдээллээ. 


Холбоотой мэдээ