А.Амбасэлмаа : Ойролцоо хугацаанд вирус илэрсэн, ижил шинж тэмдэгтэй иргэдийг нэг өрөөнд эмчилнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-11-22 12:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19” халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.


-Ням гарагт  түргэн болон  PCR шинжилгээ хийж буй төвүүд амарч байгаа. Үүнтэй холбоотой хүнс ачсан жолооч нараас шинжилгээний хариу шаардаж байгаа учраас нийслэлээс гарах боломжгүй байна. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Хөдөө орон нутгаас ажил, амины шугамаар ирсэн хүмүүсийг нийслэлэс гаргах ажлыг УОК, УОК-ын дэргэдэх Шуурхай штаб хариуцан ажиллаж байгаа. Нэгэнт Улаанбаатар хотод багц өвчлөл байгаа учир тархалтын гинжин хэлхээг таслах зорилготой ажиллаж байна. Хүн амын хөдөлгөөнийг багасгах нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ учраас иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн төлөө хэрвээ тухайн иргэн өөрийн аймаг, орон нутагтаа халдвар аваачвал түүнээс илүү гарз хохирол учирна гэдгийг ойлгож хүлээцтэй, тэвчээртэй хандахыг хүсэж байна.


-Халдвартай нь батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-ийн нэг өрөөнд гурав, гурваар нь хэвтүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Энэ талаар тодруулна уу?

-Нэг цаг үед, нэг нууц үеийн хугацаанд, ижил шинж тэмдэгтэй оношлогдож батлагдсан тохиолдлыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын жишиг заавартай. Тиймээс  бид ор хоорондын зайг нь бариад ижил цаг хугацаанд вирус нь илэрсэн, ижил шинж тэмдэгтэй иргэдийг нэг өрөөнд эмчилнэ. Халдварын голомтод авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бол нэгдүгээрт илрүүлэг. Илрүүлэхийн тулд шинжилгээ хийх, хяналтад байх, хяналтаас гарах иргэдээ илрүүлж ялгана. Хоёрдугаарт, эрэмбэлэн ангилалт хийнэ. Үүгээр хэнийг, хаана хэвтүүлэх вэ гэж ангилна. Хүнд, хөнгөний ялгаанаас шалтгаалан эрчимт болон хүчилтөрөгчийн эмчилгээнд орох хүмүүсийг тусгайлан эмчилнэ. Мөн тусгаарлах арга хэмжээ авна. Халдварын голомтод орсон, ойрын хавьтал, өвдөх эрсдэлтэй гээд тусгаарлан хөл хорионд  авах, бусад тусгаарлах байруудад авч буй арга хэмжээ юм. Түүнчлэн нийт иргэдэд зориулсан гар угаах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ авна.

Эхний батлагдсан тохиолдлууд нэг гэр бүлийн халуун голомтоос гарч буй учир хөл хорионд байгаа иргэд айл хунараараа нийлж аль болох бөөгнөрөхгүй байх, гэртээ хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Холбоотой мэдээ