Зөвшөөрөлгүй иргэдийг постоор нэвтрүүлэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-11-21 12:55:51

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор аймгийн шуурхай штабыг үүссэн асуудлаар цаг тухай бүрд нь хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын зөвшөөрснөөс бусад хөдөлгөөнийг тус аймаг бүрэн зогсоожээ. Мөн зөвшөөрөлгүй ирж буй иргэдийн хяналтыг чангатгахад чиглэгдсэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотоос Тосонцэнгэл суманд хивэг, сүү, эм ачиж ирсэн хоёр портер, хоёр приус маркийн автомашиныг түр саатуулж, тусгай шалгалт хийх мэргэжлийн баг ажиллуулахаар боллоо. Түүнчлэн шатахуун тээвэрлэж буй нөхцөлд зөвхөн жолоочийг тээврийн хэрэгсэлтэй нь постоор нэвтрүүлж ачааг нь буулгаад буцаахаар шийдвэрлэлээ” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Хүнс бусад ачаа тээврийн нэвтрэх зөвшөөрлийг аймгийн Онцгой комиссоос өгнө

Тус аймгийн сумдын эм, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг аймгийн Эрүүл мэндийн газарт нэгтгэж аймгийн Шуурхай штабтай ажлыг нь уялдуулан тээвэрлэлтийг зохион байгуулж байхаар болжээ.

Дээрх тээвэрлэлтийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр постоор нэвтрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл цаашид хүнс, бусад ачаа тээврийн асуудлыг аймгаас нэгдсэн журмаар зохион байгуулж зөвшөөрөл олгоно. Аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлгүй хүнс, ачаа тээврийн хэрэгслүүдийг Улаанбаатар хотоос гаргахгүй байх тухай албан бичгийг Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-т удаа дараа хүргүүлээд байна.


Зайлшгүй шаардлагатай нөхцөлд аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн зөвхөн Цагдаагийн газрын даргын зөвшөөрлөөр постоор нэвтрэх эрх олгоно. Цаашид Завхан аймгийн постууд дээр зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлээд байгаа гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ