Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-20 11:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба (АИХЭА)-аас Монгол Улсын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлэх дугуй ширээний уулзалт боллоо.


Энэ сарын 17-18-нд болсон уг уулзалтад НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мэри Лаулор (Mary Lawlor) зочин илтгэгчээр оролцож, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулав. Тэрээр бүрэн эрхийнхээ хугацаанд хүний эрхийг хамгаалагчдын амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах явдлыг зогсооход гол анхаарал хандуулахаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн эрх ашиг нь хамгийн их зөрчигддөг бүлэг буюу эмэгтэйчүүд, хүүхэд, ЛГБТИ болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, байгаль орчны асуудлаар идэвхтэй ажилладаг хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах, бизнест хүний эрхийг хүндэтгэн хангах хандлагыг төлөвшүүлэх, урт хугацааны хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн хүний эрхийг хангахад хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.


Хатагтай Лаулор мөн өмнөх Тусгай илтгэгч ноён Мишель Форст 2019 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа өгсөн зөвлөмжүүдийг ажил хэрэг болгох, тэр дундаа хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг баталгаажуулахад Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв.


Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар оролцож, өдгөө УИХ-д өргөн мэдүүлээд буй Хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн зохицуулалтын талаар танилцууллаа. Түүнчлэн ХЗДХЯ, ХЭҮК, “Оюу Толгой хяналт” ТББ-ын төлөөлөгч Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үед өрнөж буй хууль, эрх зүйн орчны шинэчлэл болон үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжит арга замын талаар илтгэл тавилаа.

Холбоотой мэдээ