Аймгийн төв рүү хоёр урсгалаар мах зөөвөрлөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-17 13:32:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв рүү сумдаас хоёр урсгалаар мах зөөвөрлөхөөр шийдвэрлэв. Сумдын иргэд, ААН-үүдийн малыг сумын Онцгой комисс нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нэг удаагийн тээвэрлэлтээр бог 20 толгой, бод 10 толгойгоос доошгүй амьд мал, бэлтгэсэн махыг нэвтрүүлэхээр болжээ.

Мал, махны гарал үүслийн гэрчилгээг харьяа мал эмнэлгээс, нэвтрэх зөвшөөрлийг сумын Засаг дарга олгох аж. Нэг тээврийн хэрэгсэлд жолооч болон мал, махаа хариуцаж буй нэг хүн байх ёстой. Хоёроос дээш хүнийг Чойбалсан хот руу нэвтрүүлэхгүй гэв. Баянтүмэн, Булган, Матад, Халх гол, Хөлөнбуйр сум хяналтын нэгдүгээр пост буюу Зүүн цементэн гүүр, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот сум хяналтын зургадугаар пост, Дашбалбар, Гурванзагал сумаас Чойбалсан хот руу нэвтрэх замын уулзвараар тус тус нэвтэрнэ. Тухайн мал ачсан машин тодорхой маршрутын дагуу зорчиж аймгийн төвд мал, мах авдаг тогтоосон цэгүүдэд худалдаалах юм. Мал мах ачиж ирсэн тээврийн хэрэгслүүд хяналтад байлгаж, буцахдаа тухайн сумынхаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зарчмаар ажиллана.

Цаг агаар муудахтай холбоотойгоор аймгийн төвд байсан малчдыг өнөө өглөөнөөс орой 18.00 цаг хүртэл гаргах ажил одоогоор үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ