“SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг ОУСС руу хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-11-16 11:47:04

НЬЮ-ЙОРК. /TASS/.  АНУ-ын “SpaceX” компанийн сансрын жолоодлогот хөлөг болох "Crew Dragon”-ыг ням гарагт Олон улсын сансрын станц руу /ОУСС/ хөөргөлөө. 


Уг хөлгийг АНУ-ын зүүн эргийн цагаар 19 цаг 27 минутад Канавералын хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. “Resilience” гэж нэрлэсэн, “Crew Dragon” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Америкийн сансрын нисэгчид болох Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, мөн Японы сансар судлалын JAXA агентлагийн сансрын нисэгч Соити Ногути нар багтжээ. 


Ойролцоогоор есөн минутын дараа зөөгч пуужингийн нэгдүгээр угсраа Атлантын далай дахь “Of Course I Still Love You” тавцан дээр автоматаар буусан байна. Хөөргөснөөс 12 минутын дараа сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замд оржээ. 


“Crew Dragon” хөлөг даваа гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 23:00 цагт ОУСС-тай залгагдана. Хөлгийн баг тойрог замд зургаан сарыг өнгөрүүлэх аж. ОУСС-ын бүхээгт Роскосмосын сансрын нисэгч Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, мөн NASA-гийн сансрын нисэгч Кэтлин Рубинс нар байгаа юм.


“Crew Dragon” хөлгийг 11 дүгээр сарын 14-нд хөөргөх байсан боловч цаг агаарын таагүй байдлаас улмаас 15-нд болгож хойшлуулжээ.  


Уг хөлгөөр анхны жолоодлогот нислэгийг энэ жил сансрын нисгэгч Дуглас Херли, Роберт Бенкен нар хийсэн байна. Хөлгийг тавдугаар сарын 30-нд тойрог замд оруулж, тавдугаар сарын 31-нд ОУСС-тай автоматаар залгасан байна. Сүүлийн есөн жилд анх удаа Америкийн сансрын хөлгөөр АНУ-ын нутаг дэвсгэрээс жолоодлогот нислэг үйлдсэн анхны нислэг энэ болсон юм. АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2011 онд “Space Shuttle” хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссаны дараа сансрын жолоодлогот хөлгөө хөөргөхөө больжээ. Үүнээс хойш сансрын нисгэгчдийг ОХУ-ын “Союз” хөлгөөр ОУСС-д хүргэж байсан юм. 


Холбоотой мэдээ