Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангиуд эргүүл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-13 16:41:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэр, аймar, cумын Засаг даргын захирамжийн дагуу сум бүрт Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангиуд эргүүл хийн, хуулийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгч байна. 


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/638 дугаар захирамжийн хүрээнд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр аймаг, сумын онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран аймгийн хэмжээнд явган болон тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, иргэдэд яриа таниулга хийж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.

Иргэн хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн албан хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, тэдний тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг анхааруулсан юм.

Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагыг хүлээх ёстойг ч анхаарууллаа. Тухайлбал, хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар иргэнийг 250 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 2.5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байдаг.  Түүнчлэн онц шаардлагагүй бол гадуур гарахгүй, амны хаалтаа зүүн, гараа угааж ариутган, чанартай хоол унд хийж идэн дархлаагаа дэмжин өөрийгөө болон гэр бүл найз нөхдөө эрсдэлээс хамгаалахыг уриалав.


Холбоотой мэдээ