“Хичээнгүй бичигтэн-2020” аймгийн уралдааныг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-13 09:23:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сурагчдын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулах, нийгмийн оролцоог дээшлүүлэх, эх орны хөгжилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд бага наснаасаа идэвх санаачилгатай хандах хандлагыг төлөвшүүлэх, эх хэл бичгээ бүрэн эзэмшсэн иргэн болж хүмүүжүүлэх зорилгоор “Хичээнгүй бичигтэн-2020” аймгийн уралдааныг зохион байгуулж байна.


Уг уралдааныг Монголын хүүхдийн ордноос орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн суагчдын дунд найм дахь жилдээ зарласантай холбогдуулан ийнхүү тус аймгийн ГБХЗХГ-аас нэгдүгээр шатны уралдааныг зохион байгуулж байгаа ажээ. Уралдаанд ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг”, М.Цэдэндоржийн “Морин хуур” шүлгүүдээс сонгон монгол бичгээр алдаагүй, цэвэрхэн, гаргацтай, хичээнгүй бичиж оролцох юм. 

Оролцогчид бүтээлээ 11 дүгээр сарын 15-ны 18 цагаас өмнө  Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлэхийг санууллаа.


Холбоотой мэдээ