"Эрдэнэмандал" сургуулийн дотуур байрыг ондоо багтааж ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-11 13:28:42
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Насанбат, сумын ЗДТГ болон Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд Ерөнхий боловсролын “Эрдэнэмандал” ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш удирдлагуудтай уулзлаа.
Тус сургууль нь энэ хичээлийн жилд тойргийн 1223 суралцагч, 114 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Дотуур байрны барилгын ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 2020 оны наймдугаар сард гэрээний дагуу хүлээлгэж өгөх ёстой ч гүйцэтгэгч компани гэрээгээ сунгаж 12 дугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулжээ. Одоогоор барилгын ажил 68 хувьтай байна.
Мөн Эрдэнэмандал сургууль нь спортын төрөлжсөн дунд сургууль болж байгаатай холбогдуулан сургуулийн гадна талд хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулсан боловч энэ ажил нь хийгдээгүй, гэрээгээ сунгаж өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл хангалтгүй үнэлгээтэй явж байгаа асуудалд хяналт тавьж, шийдвэрлэж өгөхийг сургуулийн удирдлагууд хүслээ.
Энэ үеэр Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Насанбат: “Сургуулийн гадна, дотно орчны камержуулалт, автомашин зогсоолын асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжиж, хамтран ажиллана. Та бүхэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахад сайтар анхаарч ажиллаарай. Багш, сурган хүмүүжүүлэгчид маань ахлах ангийн төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай болжээ” гэдгийг хэлэв.
Сонирхуулахад, “Эрдэнэмандал” сургуулийн удирдлагууд 2020-2030 оны Хөгжлийн хөтөлбөртөө “Спортын төрөлжсөн дунд сургууль” болохоор тусгаж, Боловсрол соёл урлагийн байгууллагаар батлуулан ажиллаж байна.
Холбоотой мэдээ