Вакцины туршилт амжилттай болсны дараа Лондонгийн хөрөнгийн биржийн индекс өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-10 12:37:05

ЛОНДОН. /TASS/. Германы Майнц хотын био инженерийн “BioNTech”, Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компаниуд “COVID-19”-ийн вакциных нь гурав дахь шатны эмнэлзүйн туршилт амжилттай болсон тухай мэдэгдсэний дараа Лондонгийн хөрөнгийн биржийн индекс даваа гаргийн арилжаа хаагдах мөчид 4.67 хувиар өсжээ.


Их Британийн хамгийн том 100 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “FTSE-100” индекс 276 нэгжээр өсөж, 6 186 нэгж болсноор цар тахлын улмаас хатуу хязгаарлалтын арга хэмжээ авахаас өмнөх үе буюу 3 дугаар сарын үзүүлэлтэд эргэн оржээ. Илүү өргөн хүрээг хамарсан “FTSE 250” индекс 5.2 хувиар өсөж, 18850 нэгж болжээ.


Шинэ вакцины гурав дахь шатны завсрын дүнг “BioNTech”, “Pfizer” компаниуд даваа гарагт нийтэлжээ. Хэвлэлийн мэдээллээс үзвэл, тус вакциныг хэрэглэх үед коронавирусээр халдварлах эрсдэл 90 хувиар бага байгаа нь  харагдсан байна. Тус компаниуд ирэх долоо хоногт Хоол хүнс, эмийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт (FDA) хүсэлт гаргахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ