Гал унтраах тархалтын сургууль хийв

Фото
185@montsame.mn
2020-11-04 08:35:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлэх зорилгоор гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.


Гал унтраах тархалтын сургуулийг Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн 10 дугаар сард Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Есөнбулаг сумын тавдугаар цэцэрлэг, “Гэгээн нуур” цэвэр усны үйлдвэр, “Тэс петролиум” шатахуун түгээх станцад зохион байуулж, алба хаагчдад анхан шатны мэдлэг олгожээ.

Тус сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагааг явуулсан байна. Мөн гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олгож, нийт 80 ажилтан, алба хаагч, 145 сурагчийг хамрууллаа.


Түүнчлэн Говь-Алтай аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын 33 алба хаагч 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Есөнбулаг сумын гэр хорооллын 342 айл өрхөд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөв. Энэ үеэр “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 1260 иргэнд “Яндангаа хэрхэн хөөлөх вэ?” ухуулга сурталчилгааг хийж холбогдох мэдээллүүдийг хүргэлээ хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.